
“Цахим Мэдлэг” ТББ-аас гадаадад мэргэжлээрээ тогтвор суурьшилтай ажиллаж байгаа монгол эрдэмтэн, мэргэжилтнүүдийн “Зуны лекц-2010” арга хэмжээг Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор ирэх долдугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болжээ. “Цахим Мэдлэг” нь АНУ дахь монголчуудын худалдааны танхимтай хамтран барууны хөгжсөн орнуудад мэргэжлээрээ тогтвор суурьшилтай ажиллаж байгаа Монгол эрдэмтэн, мэргэжилтнүүдийн мэдлэг, чадварыг Монголдоо татах, тэднээс сурч, тэдэнтэй хамтарч ажиллах боломжийг эх нутагтаа бий болгохыг зорьж буй юм. Энэ хүрээнд долдугаар сарын 23-нд олон нийтэд зориулсан “Зуны лекц-2010” арга хэмжээг
(http://summer.monamerchamber.org/) Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулна.
Лекторууд нь АНУ-ын Миззурийн Их Сургууль, Конгрессийн Номын Сан, Майкрософт компани, Симко Инкорпорайтэд компани, Финландын Аабо Академи Их Сургуульд мэргэжлээрээ тогтвортой ажиллаж байгаа монгол эрдэмтэн, мэргэжилтнүүд байх юм. Лекц бүтэн өдөр үргэлжилж, таван илтгэгч найман лекц уншина. Эрдэм шинжилгээ, судалгаа, технологийн чиглэлээр үдээс өмнө, нийгмийн чиглэлээр үдээс хойш илтгэнэ.
Лекц нь их, дээд сургуулийн багш, эрдэм шинжилгээний ажилтан, хэвлэл мэдээллийн ажилтан, мэдээлэл холбооны технологийн мэргэжилтэн, төрийн албан хаагч, оюутан, бизнес эрхлэгч, хүний нөөцийн ажилтан болон сонирхсон бүх хүнд нээлттэй. Илтгэгчид барууны хөгжингүй орнуудын сургалт, шинжлэх ухаан, нийгмийн асуудлыг төрөлх Монголынхтойгоо хослуулан илтгэж, энэ мэдлэгийг хэрхэн нутагшуулах талаар оролцогчидтой чөлөөт ярилцлага хийнэ. Түүнчлэн барууны хөгжингүй орнуудад мэргэжлээрээ тогтвор суурьшилтай ажиллахын тулд ажлын ямар шаардлага, стандарт, босго шалгуурыг давж, улмаар өндөр өрсөлдөөн дунд хэрхэн ажиллаж амьдардаг тухайгаа сонирхуулах юм. “Мэдлэг хэрхэн төрдөг вэ?”, “Мэдээллийн технологийг хэрэглэх, нутагшуулахад юуг анхаарах вэ?”, “Түншүүд яавал урт хугацаанд амжилттай ажиллах вэ?” болон бусад олон сонирхолтой асуултуудын хариуг оролцогчид лекцээс олж авахын зэрэгцээ олон хүнтэй танилцаж, хамтран ажиллах боломжийг өөртөө нээнэ.
Лекцийн хөтөлбөр, илтгэлийн хураангуй, илтгэгчдийн танилцуулга, байр, төлбөр, бүртгэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг http://summer.monamerchamber.org хаягаар орж үзнэ үү.