
“Peabody” компани АНУ-ын ихэнх мужид болон Австралид үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2006 онд “Excel Coal Ltd” компанийг 1.3 тэрбум ам.доллараар худалдан авснаар дэлхийн хамгийн том нүүрс экспортлогч болсон. Өнгөрсөн сард тус компани “Macarthur Coal” компанийг 3.5 тэрбум ам.доллараар худалдан авах санал тависан ч “Macarthur” компанийн удирдах зөвлөл саналыг нь зөвшөөрөөгүй юм.
Бойс захирал “Peabody” компанийн үйл ажиллагааны талаар тодруулж өгүүлээгүй ч Австралийн Ерөнхий сайд Кевин Радд уул уурхайн салбарт 40 хувийн татвар ноогдуулах санал дэвшүүлж аж үйлдвэр, бизнесийн салбарынхны уурыг хүргэснээсээ болж огцорсон талаар хэдэн үг хэлсэн. “Австралид улс төрийн үйл явц маш хурдан өрнөсөн нь гайхалтай. Австрали өөрийн байгалийн баялгаасаа хувь хүртэх болно. Харин хэдэн хувийг вэ гэдэг гол асуулт” гэж ярьсан.
Сүүлийн арван жилийн дотор нүүрсний эрэлт 46 хувиар нэмэгдсэн нь өөр ямар ч эрчим хүчний түүхий эдийн эрэлтээс илүү байгаа юм. Ирээдүйд дэлхийн нүүрсний эрэлтийн 90 хувийг Ази тив дангаараа бүрдүүлэх болно гэж үзэж байгаагаа мөн хэлсэн. “Бидний гол фокус бол Энэтхэг, Монгол, Хятад болж байна” гэж Бойс захирал ярьсан. “Peabody” компани Монголд хамтарсан компани байгуулсан бөгөөд өнгөрсөн сард Хятадын “Winsway Coking Coal Holdings Ltd” компани “Polo Resources Ltd” компанийх нь хувьцаанаас худалдан авах гэрээ байгуулсан байна. Хятадын асар том төмөрлөгийн салбарт чанар сайтай кокинг нүүрс асар их хэмжээгээр эрэлттэй байгаа ба Монгол улс Хятадтай ойр дөт байршилтай байгаа нь тийшээ хөрөнгө оруулалт хийхийн ач холбогдлыг өсгөж байгаа гэнэ.
“Металлургад ашигладаг нүүрс хөрсний дээд давхаргад байдаг бөгөөд уурхайн эрсдэл багатай. Монгол бол бидний үйл ажиллагаагаа явуулахыг хүсэж байгаа газар” гэж ярьсан. Тус компани Азируу экспортоо нэмэгдүүлэхийн тулд АНУ, Канадын Баруун Эрэгт олборлолт хийх боломж судалж байгаа талаар ярьсан. “Энэ бол урт хугацааны төсөл. Бид аль болох их нүүрс Номхон Далайд ойрхон газраас олборлохыг хүсэж байна. Нүүрсээ бид Хятад, Өмнөд Солонгост зарах болно. Гол асуудал бол харин нүүрс тээвэрлэхэд зориулсан зориулалтын боомт бий болгох хэрэгтэй” гэж тэрээр Ройтерс агентлагт ярьсан байна.
Т.Бадрах