Өмнөд Солонгосын Жиндо арлын ойролцоо өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-нд живсэн “Севол” хөлгийн дотроос зорчигчдыг хайх эрэл үргэлжилсээр байгаа аж. Ослоос хойш 16 зорчигчийн цогцосыг одоо болтол олж чадалгүй, хайсаар байгаа юм. Энэ хооронд живсэн хөлөг онгоцонд ажиллаж байсан бас нэг шумбагч өчигдөр /V.30/ амиа алдсан хэрэг гарчээ. Өмнөд Солонгосын албаныхан амь үрэгдсэн шумбагчийг 46 настай И овогт гэж мэдэгдсэн байна. Тэрээр бусад шумбагчдын хамтаар хөлгийн ар болон хажуугийн хагараагүй үлдсэн цонхнуудыг хагалан дотогш нэвтрэх ажиллааг гүйцэтгэж байсан аж. Ийнхүү Севол хөлгийн ослоос хойш гурван шумбагч амь үрэгдээд байна.
Шумбагчид хамгийн сүүлд тавдугаар сарын 21-нд нэг зорчигчийн цогцосыг олж, гаргаснаар “Севол”-ын ослоор амь үрэгдэгсдийн тоо 288-т хүрчээ. Хөлөгт 476 хүн зорчиж явсны 350 гаруй нь Ансан хотын Данвон ахлах сургуулийн 17-18 насны сурагчид байсан билээ. “Севол” хөлөг онгоц Инчон хотоос Чежү арал хүрэхээр явж байхдаа жижиг арлуудын хажуугаар хурдтай эргэснээс хүндийн төвөө алдаж, холбирч осолдсон юм. Түүнчлэн хөлгийн осолд даац хэтрүүлэн ачаа тээвэрлэж явсан нь ихээр нөлөөлснийг мөрдөн шалгах албаныхан тодруулжээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Yonhap news