Худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан техник, соёлын хамтын ажиллагааны Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газар хоорондын комиссын II хуралдаан 2014 оны 5 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болов.
Засгийн газар хоорондын комиссын II хуралдаанд Монголын төлөөлөгчдийг Монгол Улсын Соёл, спорт, айлал жуулчлалын дэд сайд, ЗГХК-ын Монголын хэсгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Түмэнжаргал, Киргизийн төлөөлөгчдийг БНКирУ-ын Тээвэр, холбооны сайд, ЗГХК-ын Киргизийн хэсгийн дарга К.Султанов нар тэргүүлэв. Хоёр улсын холбогдох яам, газар, аймаг, мужийн төлөөлөгчид болон Монгол Улсаас БНКирУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Сүхээ, БНКирУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.Бактыгулова нар оролцов.
Хуралдааны явцад манай хоёр орны хооронд 2016 он хүртэл монгол-киргизийн харилцаа, хамын ажиллагааг хөгжүүлэх чухал чиглэлүүд, тодорхой арга хэмжээг хэлэлцэв. Тухайлбал, худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн салбар, хөдөө аж ахуй, зам тээвэр, уул уурхай, бүс нутгийн хамтын ажиллагаа, байгаль орчин, соёл боловсрол зэрэг салбарт хамтран хэрэгжүүлэх ажил, арга хэмжээг тодорхойллоо.
Мөн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг өргөжүүлж бэхжүүлэхэд чиглэсэн нэлээд төрлийн баримт бичгийг эцэслэн тохиролцох, байгуулах ажлыг түргэтгэх талаар шийдвэр гаргав.
Эдгээр чиглэл, арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлж эхлэх ажлыг зохион байгуулахад хоёр улсын ЗГХК, холбогдох яам, газрууд, аймаг, мужууд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг сайд нар онцлов.
Хуралдааны дүнгээр гаргасан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын II хуралдааны протоколд Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд, ЗГХК-ын Монголын хэсгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Түмэнжаргал, БНКирУ-ын Тээвэр холбооны сайд, ЗГХК-ын Киргизийн хэсгийн дарга К.Султанов нар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, БНКирУ-ын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээр болон Хамтарсан Ажил хэргийн зөвлөл байгуулах тухай харилцан ойлголцолын санамж бичигт МҮХАҮТ-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш, БНКирУ-ын ХАҮТ-ын Дэд Ерөнхийлөгч Р.Апасова нар тус тус гарын үсэг зурав.
Засгийн газар хоорондын комиссын хуралдааны үеэр БНКирУ-ын Тээвэр, холбооны сайд, ЗГХК-ын Киргизийн хэсгийн дарга К.Султанов тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт бараалхаж, Зам, тээврийн сайд А.Гансүх, Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц .Туваан нартай тусгайлсан уулзалтуудыг хийв.
Монгол, Киргизийн ЗГХК-ын дараагийн III хуралдааныг 2016 онд Бишкек хотноо зохион байгуулахаар тогтов.