Польшийн Агнешка Радваньска гуравдугаар тойрогт Хорватын Айла Томляновичид 4:6, 4:6-ийн харьцаагаар ялагдал хүлээснээр тэмцээнийг орхилоо.
Энэ сарын 25-нд эхэлсэн "Ролан Гаррос" буюу "Францын нээлттэй тэмцээн"-ий эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл дуулиан шуугиантай үргэлжилж байна.
Эмэгтэйчүүдийг тэргүүлэн тоглосон АНУ-ын Серена Уильяма, БНХАУ-ын Ли На нар эхний тойргуудаас тэмцээнийг орхисон бол тэмцээний зургаа дахь өдөр буюу өнөөдөр Польшийн Агнешка Радваньска ялагдал хүлээлээ. Тэмцээнд гуравт эрэмбэлэгдэн тоглосон Радваньска өдгөө дэлхийн чансааны 72-т бичигдэж буй Хорватын Айла Томляновичид 4:6, 4:6-ийн харьцаагаар хоёр үеийн турш хожигдсоноор тэмцээнээ дуусгалаа. Тоглолт нэг цаг 21 минут үргэлжилсэн бөгөөд Хорват теннисчин дөрөвдүгээр тойрог буюу шөвгийн 16-н эхний эрхийг аваад байна. Өдгөө 21 настай Хорват теннисчний хувьд "Ролан Гаррос"-ын дөрөвдүгээр тойрогт шалгарснаар "Их дуулга" тэмцээний хамгийн оргил амжилтаа үзүүлээд байна. Айла Томлянович эхний тойрогт 2010 оны "Ролан Гаррос"-ын аварга Италийн Франческа Скьявонег (6:3, 6:3), хоёрдугаар тойрогт өнгөрсөн жилийн тус тэмцээний хосын төрлийн аварга ОХУ-ын Елина Виснинаг (7:6, 6:2) хожиж, Радваньсктай тогложээ. Тэрээр энэ оны "Австралийн нээлттэй тэмцээн"-ий хосын төрөлд хагас шигшээд шалгарсан байна.
Дэлхийн чансааны 72-т бичигдэж буй Хорватын Айла Томлянович.
Энэ цагт 2006 оны "Ролан Гаррос"-ын дэд аварга, өдгөө дэлхийн чансааны 43-т бичигдэж буй Австралийн Саманта Стосур Словакийн Цибулковаг 6:4, 6:4-ийн харьцаагаар буулган авснаар шөвгийн 16-д шалгараад байна.
Ч.БОЛОР