2015 оны төсвийн хүрээний мэдэгдлийг баталлаа

Хуучирсан мэдээ: 2014.05.30-нд нийтлэгдсэн

2015 оны төсвийн хүрээний мэдэгдлийг баталлаа

Чуулганы үдээс хойшхи /2014.05.30/ нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн болон “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбат танилцуулав. Төсвийн байнгын хорооны хурлаар тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах саналыг дэмжсэн байна.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Зоригт, Л.Энх-Амгалан нарын асуултад Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн хариулт өгөв. Ингээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн болон “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах Байнгын хорооны саналаар санал хураалт явуулсныг гишүүдийн олонх дэмжлээ. Ингэснээр Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл 78,8 хувийн саналаар, “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл 80,8 хувийн саналаар тус тус батлагдав.

Үүний дараа “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг /Засгийн газар 2014.05.23-ны өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн эхэнд Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяраас Улсын Их Хурлын Дэгийн тухай болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиудын холбогдох заалтын дагуу чуулганы хуралдаанд оролцох боломжгүйгээ мэдэгдсэн албан бичиг ирүүлснийг Улсын Их Хурлын дарга уншиж танилцуулан, гишүүний хүсэлтийг хүлээн авснаа мэдэгдэв.

Дараа нь хууль санаачлагчийн илтгэлийг Уул уурхай сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт нар танилцуулав.

Ашигт малтмалын тухай хуулийн 5.5 дугаар зүйлд “Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээ тодорхойлно” гэж зааснаар тус төслийн нийт хөрөнгө оруулалт болох 1031,2 сая ам.долларын 34 хувь болох 350,6 сая ам.долларын хөрөнгийг оруулснаар төр 34 хувийн хувьцааг эзэмшихээр Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна.

Мөн тогтоолын төсөлд Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д заасны дагуу Цагаан суваргын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч компани дахь төрийн эзэмшлийн хэмжээг 34 хувиар тогтоох, уг ордод оруулах хөрөнгийн 34 хувь буюу 350.6 сая ам.долларын санхүүжилтийг 2014 оны 2 дугаар улиралд багтаан Засгийн газрын бонд гарган шийдвэрлэхээр тусгажээ.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж, Г.Уянга, Л.Энх-Амгалан, М.Батчимэг, Б.Бат-Эрдэнэ, Ж.Батсуурь нарын тавьсан асуултад Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Ажлын хэсгээс хариулт өглөө. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Зоригт, Р.Гончигдорж нар үг хэлсэн юм.

Гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулж, уг саналыг гишүүдийн олонх дэмжиж, тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Дараа нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэв. Үндсэн чиглэлийн биелэлтийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг нар танилцуулав.

Ерөнхий сайд танилцуулгадаа, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг УИХ-ын 2012 оны 5 дугаар сарын 18-ны 37 дугаар тогтоолоор 6 бодлого, 26 зорилт, 166 арга хэмжээтэйгээр баталсан. Үндсэн чиглэлийн нийт зорилт арга хэмжээний биелэлт 2013 оны жилийн эцсийн байдлаар 67,1 хувьтай гарлаа. Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг 6 бодлого тус бүрээр авч үзвэл өсөлтийн үр шимийг нийгмийн бүх бүлгүүдэд хүргэх макро эдийн засгийн бодлого 70 хувь, бодит салбарын хөгжлийн бодлого 64, байгаль орчин бүс нутгийн хөгжлийн бодлого 56, хүнд өгөөжтэй нийгмийн бодлого 72, төрийн үйлчилгээ засаглал, эрх зүйн шинэчлэлийн бодлого 65, гадаад бодлого, батлан хамгаалах бодлого 76 хувийн биелэлттэй байна. Үндсэн чиглэлийн 166 арга хэмжээний 121 нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжихээр тусгагдсан боловч 30 арга хэмжээ санхүүжилтгүйгээс шалтгаалж хэрэгжээгүй болон дутуу хэрэгжсэн. Үүний 25 арга хэмжээ нь төсөв мөнгө батлагдаагүй, таван арга хэмжээ төсвийн тодотголоор санхүүжилт нь хасагдсан. ДНБ-ний өсөлт 2013 оны урьдчилсан гүйцэтгэлээр 11,7 хувийн дүнтэй гарсан нь эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоонд хадгалагдаж байна” гэлээ.

Хэлэлцүүлгийн шатанд гишүүдийн асуусан асуултад хариулт өгөх Засгийн газрын гишүүд болон холбогдох албаны хүмүүс чуулганы хуралдаанд ирээгүй тул Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлтийг ирэх Пүрэв гарагт хэлэлцэхээр болж хойшлуулав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж