Эрчим хүчний сайд М.Сономпил тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-д айлчлаад иржээ. Айлчлалын бүрэлдэхүүнд Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр, ЭХЯ-ны Стратегийн бодлогын төлөвлөлтийн газрын дарга П.Товуудорж,Эрчим хүчний хөгжлийн төвийн гүйцэтгэх захирал Я.Пүрэвжав, Тавантолгойн ДЦС-ийн төслийн удирдагч М.Энхсайхан нарын хүмүүс багтсан байна. Эрчим хүчний сайд М.Сономпил БНХАУ-ын Хөгжил шинэтгэлийн хорооны дэд дарга, Эрчим хүчний удирдах газрын дарга Ву Шиншионтой уулзахдаа “Монгол Улс эрчим хүчний нүүрсний арвин их нөөцтэй. Үүнийг зөвхөн дангаар нь экспортлох биш, цахилгаан эрчим хүч болгож БНХАУ-ын зах зээлд борлуулах сонирхолтой байна. Энэ хүрээнд баригдахаар зэхэж байгаа томоохон цахилгаан станцын төслүүдэд хөрөнгө оруулахыг хүсч байна” гэж онцолсон юм.
Уулзалт ярилцлагын үеэр хөндсөн асуудлаар Монгол Улсын Эрчим хүчний яам, БНХАУ-ын Эрчим хүчний удирдах газрын хооронд хамтран ажиллах Санамж бичигт хоёр тал гарын үсэг зурлаа. Уг Санамж бичигт хоёр улсын Стратегийн түншлэлийн хүрээнд эрчим хүчний хамтын ажтиллагааг өргөжүүлж, Монгол Улсад шинээр баригдах ДЦС, Усан цахилгаан станц гэх мэт томоохон бүтээн байгуулалтад оролцох БНХАУ-ын хөрөнгө оруулагчдад хуулийн хүрээнд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаар тусгасан байна.
Түүнчлэн сайд М.Сономпил БНХАУ-ын Повер Чайна компанид зочилж, тус компаний дэд Ерөнхийлөгч Сан Хоншуйтэй уулзаж ярилцсан байна. Повер Чайна компани нь Монгол Улсын Цэцэнс майнин энержи компанитай хамтран Монгол Улсын Төв аймаг дахь Бөөрөлжүүтийн нүүрсний ордыг түшиглэн 600 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барихаар яриа хэлэлцээр явуулж байгаа юм. Одоогийн байдлаар Бөөрөлжүүтийн станцын судалгааны ажил бүрэн дуусч, ТЭЗҮ хийгдэж, зураг төслийн ажил бараг дуусч байгаа ажээ. Тус станцын Хөрөнгө оруулалтын гэрээ батлагдвал 2017 оны өвөл гэхэд эхний ээлжийн агрегат ашиглалтад орно гэж хамтран ажиллагч байгууллагууд үзэж байгаа ажээ. Улаанбаатар хотоос 110 км зайд Улаанбаатар-Чойрын төмөр замаас 24 км зайд орших Бөөрөлжүүтийн нүүрсний орд нь бараг 10 гаруй тэрбум тонн хүрэн нүүрсний нөөцтэй юм. Энэ ордыг түшиглэн барих 600 МВт-ын хүчин чадалтай ДЦС барихад хөрөнгө оруулах санамж бичигт Хятадын талаас Повер Чайна компанийн гадаад хөрөнгө оруулалт эрхэлсэн охин компани болох “Синхохудро ресоурес лимитед” компани, Монголын талаас “Цэцэнс майнин энержи компани”-ийн удирдлагууд гарын үсэг зурлаа.
Ингэснээр төвийн эрчим хүчний системд хямд үнээр цахилгаан эрчим хүч нийлүүлэх эх үүсвэр баригдах нөхцөл бүрдэж байгаа бөгөөд энэ ДЦС баригдсанаар төвийн болон зүүн, өмнөд бүсийн өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг хангаж, урт хугацааны туршид найдвартай тогтвортой ажиллагааг хангаж, улмаар БНХАУ-д эрчим хүч экспортлох нэг боломж бүрдэх юм.
Д.ЦЭЭНЭ