Эрүүл хүүхдийн хөгжилд тоглоом маш чухал байр суурийг эзэлнэ. Тоглоом нь хүүхдийн оюуны, бие махбодийн болон сэтгэл санааны хөгжлийг уран сэтгэмжтэй нэгтгэн хөгжүүлдэг. Сэтгэлзүйчид энэ талаар ийнхүү зөвлөж байна.
Хүүхдийн бол тоглоомтой балчир багаасаа танилцдаг бөгөөд өөрийнхөө эргэн тойрныг тоглоомын аргаар ойлгож хүлээн авдаг. Иймээс хүүхдийг нялх нярай байхаас нь өдөрт тодорхой хугацаагаар тоглуулж сургах хэрэгтэй. Хүүхдийн өөрийн мэдлэг туршлагыг гадаад ертөнцөд мөн л тоглоомын аргаар дахин бүтээх нь түүний өөрийг илэрхийлж сурахад нь тус болдог байна.
Хүүхэд тоглож байхдаа өөртэйгээ ижилсүүлж буй насанд хүрэгчийнхээ дүрээр бусадтай харьцах харилцаагаа тусгаж харуулдаг. Ингэснээр тоглоом гэдэг нь хүүхдийн өөрийгөө илэрхийлэх, өөртөө итгэх итгэлийг нь хөгжүүлж, тэсвэр тэвчээрт суралцуулах үүднээсээ өөр бусад шинэ чадварт суралцах үүд хаалгыг нээж өгнө. Тоглож байхдаа хүүхэд бусадтай багаар ажиллах, хуваалцах, бусадтай таарч тохиох эв эеэ олох арга барил, асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухайд мэдлэгтэй болдог.
Тоглоом зохиох, тухайн тоглоомоо хөгжүүлэх, үргэлжлүүлэх явцад гадны ямар нэгэн хорио цээр, саад бэрхшээлтэй тулгарахгүй бол өөрөө шийд гаргах, асуудлыг шийдвэрлэх чадвараа өөрөө хөгжүүлдэг бөгөөд ямар зүйлсийг сонирхдог талаар өөрийн сонирхлын хүрээгээ тодорхойлж, сонирхлынхоо дагуу хүсэл тэмүүлэлтэй болно. Харин тоглож байх явцдаа насанд хүрэгчдийн хорио цээр, саад бэрхшээлтэй тулгарсан хүүхдийн тоглоомоос суралцах зүйлс нь хязгаарлагддаг байна. Эцэг эх, насанд хүрэгчидтэй тоглохоор хүүхдийн бүтээлч чадвар, манлайлах, багаар ажиллах чадваруудад сөрөг нөлөөлдөг бөгөөд сэтгэлзүй талаасаа өөрийгөө илэрхийлэхэд нь саад бэрхшээлийг учруулдаг байна.
Эцэг эхчүүд хүүхдийнхээ тоглоомонд оролцох ёстой
Хүүхдийн хөгжил нь өөрт тохирсон, нөлөө бүхий, хайр бялхсан, тууштай эцэг эхийн хандлага дор сайн хөгждөг. Эдгээр шинж чанарууд нь эцэг эхийн, хүүхэдтэйгээ тоглох тоглоомын үед чухал үүрэг гүйцэтгэнэ. Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ тоглож байхдаа, түүний тоглож байхыг хараад сууж байхдаа хорвоог хүүхдийн нүдээр харах хосгүй жаргалыг эдэлдэг. Тоглож байх явцад тэдний хооронд бий болох харилцан нөлөөлөл нь ирээдүйн хязгааргүй харилцааг хөгжүүлж байдаг. Эцэг эхчүүд энэ боломжийг ашиглан хүүхэдтэйгээ улам дотно харилцааг бий болгох боломжтой.
Хүүхдийн хөгжилд, эцэг эх – хүүхдийн харилцаанд тоглоом бол маш чухал үүргийг гүйцэтгэж байдаг. Тоглоом бол эцэг эхчүүдэд хүүхэдтэйгээ чанартай, хайр дүүрэн, үнэтэй цагаа түүнтэй хуваалцах боломжийг олгоно. Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ тоглож байхдаа гадны ертөнцийг умартан, орчлонг хүүхдийн нүдээр харж, хүүхэд багачуудын хосгүй ертөнцөд түр ч болов саатаад өнгөрөх боломжийг бүрдүүлэх сайхан тоглоом зохиож тоглож байхыг мэргэжлийн сэтгэлзүйчид зөвлөж байна.
Эх сурвалж: www.eejbolloo.mn