Мейра Кумар үг хэллээ

Хуучирсан мэдээ: 2010.06.28-нд нийтлэгдсэн

Мейра Кумар үг хэллээ

Энэтхэгийн парламентийн доод танхимын дарга Мейра Кумар Төрийн ордонд Монголын  хэвлэл мэдээллийнхэнд хандан үг хэлсэн юм.

Тэрбээр “Энэтхэгийн парламентийн спикер танай оронд айлчилснаас хойш есөн жилийн дараа болж буй энэ айлчлал манай хоёр орны дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой давхцаж байгаагаараа онцлог юм. Гэхдээ манай оюун санааны харилцаа холбоо хязгааргүй гэдгийг дурдах хэрэгтэй. Буддизмын сургааль нь Монгол аугаа их Гималайн нурууг давж орж ирэхдээ өөрийн гэсэн өнгө төрхөө олсон юм.

Энэтхэгийн ард түмний хувьд Монголын ард түмэн байгаль цаг агаарын хүнд хэцүү нөхцлийг даван туулж буйн үлгэр жишээ болдог. Монголын ард түмэн өөрийн сонгож авсан ардчиллынхаа замаар тууштай замнаж байгаа. Монголын ард түмний гаргаж буй хичээл шургуу хөдөлмөр нь дэлхий даяар урт удаан үргэлжилсэн мөргөлдөөн тэмцэл дунд буй хүмүүст урам зориг болдог.

Эрхэмсэг дарга Д.Дэмбэрэл болон миний бие хоёр орны хоорондын хамтын ажиллагааны талаархи харилцааны ойлголцсон, ажил хэрэгч яриаг өрнүүллээ. Энэхүү айлчлалаар хоёр орны парламентийн Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурна. Мөн Энэтхэг Монголын Парламентийн найрамдлын бүлгийг бий болголоо. Парламент гэдэг ард түмний хүсэл зоригийн илэрхийлэл юм. Цаашид хоёр орны ард түмэн илүү өргөн хүрээтэй хамтран ажиллах шаардлагатай байна” гэсэн бөгөөд ярианы төгсгөлд УИХ-ын дарга Д.Дэмбэрэлээр ахлуулсан УИХ-ын төлөөлөгчдийг арванхоёрдугаар сард өөрийн орондоо урьж байгаагаа дамжууллаа.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж