УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай ” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд гишүүдийн 69.6 хувийн саналаар “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү тогтоолын төсөлд зааснаар Цагаан суваргын ордод төр 34 хувь эзэмших юм. Гэхдээ зөрүүлээд эзэмших хувь хэмжээндээ нийцүүлж 350 сая ам.долларыг оруулах болж буй. Эх үүсвэрийг бонд гаргах замаар шийдвэрлэнэ.
Уг ордын ашиглалтын лицензийг Монголын алт компани эзэмшдэг юм байна.
Дээрх шийдвэрийг гаргахын өмнө Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн М.Батчимэг нар “Жил ирэх тусам социализм руугаа яваад байгаа юм шиг төр үндсэн ажлаасаа хазайж байна. Эдийн засгийн хүндрэл нүүрлэлээ гэж байна, үүнийг туулдаг олон арга байдгийн нэг нь хувийн хэвшлээ дэмжих явдал. Гэтэл төр ордод хувь эзэмшиж бонд гаргаж өрөө нэмэгдүүлэх тухай ярьж байгаа нь зохисгүй” хэмээн мэдэгдэж байлаа. Мөн Оюутолгойн асуудлыг шийдээгүй байж дахиад төр эл ордод 34 хувь эзэмших тухай асуудал нь гадаад ертөнцөд тэр тусмаа хөрөнгө оруулагчдад сөрөг ойлголт төрүүлнэ. Ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэсний дараа нэгмөр асуудлыг шийдэх нь зөв гэх байр суурь баримтлах гишүүд ч олон байсан юм.
Г.ДАРЬ