Эх орондоо ирээд байгаа Японы мэргэжлийн сумо бөхийн 71 дэх аварга М.Анандыг МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд өнөөдөр хүлээн авч уулзлаа.
МАН-ын дарга М.Энхболд эх орныхоо нэрийг хилийн чанадад өндөрт өргөж, сумогийн аварга болсон түүнд баяр хүргэж, улам их амжилт гаргахыг хүсэн ерөөлөө. МАН-ын дарга М.Энхболд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байхдаа сумогийн түрүү бөхөд олгодог Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цомыг 2002 онд шинэчлэн хийлгэсэн юм. Уг цомын эх загварыг зураач н.Эрдэнэбилэг зурж, уран дархан н.Баатаржав урласан юм байна.
Сумогийн түрүү бөхөд олгодог энэхүү цомыг өмнө нь манай улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд гардуулдаг байжээ. Харин тэрээр Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа 2006 оны гуравдугаар сард Японы Осака хотноо болсон сумогийн барилдаанд түрүүлсэн их аварга Д.Дагвадоржид анх удаа уг цомыг гардуулж байснаа шинэхэн аваргатай уулзах үеэрээ дурсан ярилцлаа. Уулзалтад оролцсон УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ аварга М.Анандад баяр хүргэж, амжилт хүсэв.16 настайдаа Японд очсон М.Ананд 12 жилийн дараа аварга болсон бөгөөд Монголоос төрсөн сумогийн дөрөв дэх аварга юм.
Ш.ОЧ