Жүдочид пара жүдочдоо дэмжиж байна

Хуучирсан мэдээ: 2014.05.30-нд нийтлэгдсэн

Жүдочид пара жүдочдоо дэмжиж байна

Монголын пара жүдогийн холбооноос зохион байгуулдаг насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд 12 байгууллагын 50 орчим тамирчин эрэгтэй тав, эмэгтэй гурван жинд аваргуудаа тодруулахаар өрсөлдөж байна.

Монголын пара жүдогийн холбоог Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар удирдаж эхлээд анхны тэмцээнээ зохион байгуулж байгаа нь энэ удаагийн УАШТ юм. Дөрөв дэх удаагийн тэмцээний нээлтэд пара жүдогийн холбооны ерөнхийлөгч Х.Цагаанбаатар, Спортын бэлтгэлийн төвийн захирал Б.Наранбаатар, Монголын паралимпийн хорооны дэд ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоо, ерөнхий нарийн бичгийн дарга Н.Оюунбат, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, Гавьяат тамирчин Д.Амартүвшин, М.Уранцэцэг, олон улсын хэмжээний мастер Д.Төмөрхүлэг нарын тэргүүтэй жүдо бөхийн алдартнууд хүрэлцэн ирж, пара жүдочдодоо хүндэтгэл илэрхийллээ.

Амжилт, багийн спортын бат бэх хүмүүжил, сахилга батаараа үргэлж үлгэр дууриал үзүүлж ирсэн Монголын жүдочид ийн пара жүдо бөхийн баг тамирчдаа дэмжин, спортод бас нэгэн үлгэр жишээ чанар үзүүлж эхэллээ.

Тэмцээний нээлтийн үеэр “Хамтын хүч амжилт” уриатай жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид пара жүдо бөхийн тамирчдад кимоно, спортын хувцас, хэрэглэл бэлэглэн, цаашид бэлтгэл сургуулилтыг нь хангахад бүх талаар дэмжихээ илэрхийлсэн юм.

Мөн энэ үеэр Монголын пара жүдо бөхийн холбооны удирдлагууд Жүдо бөхийн ордон барих ажилд хандив өргөснийг Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбатад гардуулан өглөө.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж