Анхны ургацаа хураасан өвлийн хүлэмжийн нээлтэд өнөөдөр Ерөнхий сайд дагалдагчдынхаа хамт оролцоод иржээ. Багагүй өртгөөр барьж байгуулсан уг хүлэмжид өргөст хэмх, улаан лооль, амтат чинжүү гээд бүхий л төрлийн нарийн ногоо өвөл даарахгүй, зун түлэгдэхгүй төлжин бойжих нь. Юм юманд эзний сэтгэлээр санаа тавин оролцдог Ерөнхий сайд маань энэ удаа ч мөн өвлийн хүлэмжинд зочилж, шинэхэн ургацын дээжийг хураахад гар бие оролцсон юм. Түүнийг хүлэмжид зочлох үед Жаргалант тосгоны иргэд хамт байлцсан бөгөөд тэдний дунд Монголын төр нийгмийн зүтгэлтэн Ц.Лоохууз гуай очсон байлаа. Ерөнхий сайд Ц.Лоохууз гуайн амар мэндийг мэдэн, түр зуур уулзаж амжсан юм. Түүнийг ийн өвлийн хүлэмжид саатах агшныг гар утасныхаа камерт буулгах хүн цөөнгүй харагдлаа. Тэдний дотор нас өндөр ч орчин цагийн дэвшилтэт технологиос хоцроогүй хоёр эмээ анхаарал татсан юм. Тэд их л хичээнгүйлэн бичлэг хийж, Ерөнхий сайдыг папарацидаж байлаа.
Д.ШАРХҮҮ