Авлигын эсрэг аян өрнүүлнэ

Хуучирсан мэдээ: 2014.05.30-нд нийтлэгдсэн

Авлигын эсрэг аян өрнүүлнэ

Ардчилсан хүчний холбооны дэргэдэх Ардчилсан хүчний залуучуудын холбоо өчигдөр ээлжит уулзалт, ярилцлагыг “Continental” зочид буудалд зохион байгуулсан байна. Дээрх арга хэмжээний үеэр Монголын залуучуудын хөгжлийн асуудал, залуучуудад тулгамдсан асуудлын талаар санал солилцсон байна.  

Улс төрийн намын дэргэдэх залуучуудын байгууллага нь сонгуулийн үйл ажиллагаа болон намын өгсөн үүрэг даалгаварыг биелүүлдэг, улс төрчдийг дэмжиж ажиллах гэхээсээ илүүтэй залуус өөрсдийгөө хөгжүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд төр засгийн хэмжээнд залуучуудын дуу хоолой болон ажиллах ёстойг оролцогчид онцолсон байна.

Тус холбооны ерөнхийлөгч М.Алзахгүй төрийн албан хаагчдыг авлигагүй, шударга ажиллахад залуучуудын санаачлага, оролцоо чухал гэсэн юм. Мөн “Манлайлах урлаг төв” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Сайнбаяр “Залуучуудын байгууллага улс төрчих гэхээсээ илүүтэй залуучууд өөрсдийнхөө хөгжилд анхаарах шаардлагатай. Улсын хөгжил хувь хүний хөгжил чухал юм. Залуус бид эх орныхоо хөгжилд ямар хувь нэмэр оруулж чадах вэ гэдгээ өөрсдөөсөө асуух хэрэгтэй байна” гэв.

Залуус ч ёс суртахуунлаг, шударга зөв хүн болон төлөвших нь улсын хөгжилд эерэг нөлөөтэй. Иймд хувь хүний хөгжил чухал байна гэж залуус санал нэгдлээ.

Ардчилсан хүчний холбооны дэргэдэх Залуучуудын холбоо нь ирэх өдрүүдэд хувь хүний хөгжлийн талаар лекц зохион байгуулах, авлигын эсрэг аян өрнүүлэхээр төлөвлөж буй юм байна.

Г.НАРАН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж