Ургацын дээжээ Ерөнхий сайдад барив

Хуучирсан мэдээ: 2014.05.30-нд нийтлэгдсэн

Ургацын дээжээ Ерөнхий сайдад барив

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг Жаргалант тосгонд шинээр барьж байгуулсан өвлийн хүлэмжинд ургуулсан  өргөст хэмхийг  өнөөдөр хураалаа. “Түмэн сүйх”  ХХК Чингис бондоос авсан 940 сая төгрөгийн зээлээрээ өвлийн хүлэмж барьжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын дундуур голланд үрээр үрслүүлсэн өргөст хэмхийн дээжээ  хураан авахад Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ҮХАА-ны дэд сайд Ц.Туваан болон бусад албаны хүмүүсийг урьж оролцуулсан юм.  “Түмэн сүйх” ХХК нь хүлэмжийн аж ахуйн чиглэлээр олон жилийн туршалга хуримтлуулсан бөгөөд зөвхөн өргөст хэмх гэлтгүй улаан лооль тариалдаг байна. Голланд үрээр тарьсан өргөст хэмх нт ургац өндөр, арчилгаа бага зэрэг давуу тал олонтойг тус компанийн ерөнхий агрономич Я.Оюунчимэг хэлж байлаа. Нэг ам метр талбайгаас 36 кг хүртэл ургац авах сайн сортын өргөст хэмхийг 0,5 га-д тариалжээ. Анхны өвлийн хүлэмжид гадаад үрээр тарьж ургуулсан өргөст хэмхийн дээжийг Ерөнхий сайдад өргөн барилаа. Харин Ерөнхий сайд тус компанийн захиралд хүлэмжийн аж ахуйн тухай сонирхолтой ном бэлэглэсэн юм.

Манай улсын  хувьд урин дулааны цагт нийлэг хальсан хүлэмжинд төрөл бүрийн ногоо тариалдаг ч намраас хавар хүртэлх хүйтний улиралд тариалалт  зогсож, гаднаас импортлохоос аргагүйд хүрдэг байна. Нийт хүн амын тоогоороо тооцоолбол нарийн ногооны хэрэгцээ 40 орчим мянган тонноор хэмжигддэг ч одоогийн байдлаар тал хүрэхгүй хувийг нь дотоод гадаадаас бүрдүүлдэг ажээ.  Өргөст хэмх, улаан лооль, амтат чинжүү, салатны навч, бууцай, жууцай, юүцай гээд тоочвол олон нэр төрлийн ногооны дийлэнх хувийг  урд хөршөөс импортлон авчирдаг. Дотооддоо тарьж ургуулж байгаа 4600 орчим тонн нарийн ногооны хэмжээг нэмэгдүүлэх боломжийг өвлийн хүлэмж олгоно гэж албаныхан онцолж байна. Зөвхөн Чингис бондын санхүүжилтээр энэ онд ы 15 өвлийн хүлэмж барих юм. Хүлэмжийн төсөлд 17,4 сая ам.доллар буюу 27,3 тэрбум төгрөг хуваарилагдсан байна. Одоогийн байдлаар хүлэмжид зориулах хөрөнгийн 69 хувийг санхүүжүүлээд байгаа ажээ. Хөдөө орон нутгаас Сэлэнгэ, Дархан-Уул, Өвөрхангай, Архангай, Увс зэрэг аймгууд санаачлагатай ажиллаж буй гэнэ.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж