УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбаттай ярилцлаа.
-2014 оны төсвийн тодотголын хүрээнд хөрөнгө оруулалтыг нь царцаасан зарим объектод санхүүжилт олгохыг зөвшөөрлөө. Гэвч энэ нь санхүүжилт шаардсан 240 объектоос 130-д нь л эрх олгосон хэрэг. Бүгдийг нь санхүүжүүлэх хөрөнгө төсөвт алга. Эдгээр төслийг хөдөлгөе гэвэл 550 тэрбум төгрөгийн бонд гаргах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, өр тавьж, зээл авахаас өөр замгүй болсон тул улсын өрийн босго, хязгаарыг нэмэгдүүлэх ёстой юу гэсэн сэдвээр улстөрчид мэтгэлцэж байна. Та ямар байр суурьтай байна вэ?
-Төсвийг эдийн засгийн нөхцөлтэй уялдуулах ёстой. Бид ямар ч уялдаагүй, бодитой бус төсөв баталсан. Манай төсвийн хөрөнгө оруулалт улирлын чанартай. Хэдхэн сарын ажлыг нь зогсоогоод яах вэ гэж л тодотгол маягтай зүйл хийлээ. Энэ удаагийнхыг “тодотгол” гэж хэлэхэд хэцүү. УИХ-аас хууль болгон баталж байгаа болохоор ингэж нэрлээд байгаа юм. Тодотгол хийсэн ч гэлээ гүйцэтгэгч компаниуд хоёр сар ажлаа алдсан. Барилгын ажил ид өрнөх хугацааных нь хоёр сар хэрүүл дунд өнгөрлөө. Тодотгол гээд байгаа зүйл нь нүглийн нүдийг гурилаар хуурсан зүйл боллоо. Аливаа үйл ажиллагаа ирээдүйд чиглэх учиртай. Энэ зарчмын үүднээс л манай намынхан өрийн хязгаарыг нэмэгдүүлэхийг эсэргүүцээд байгаа юм. Өрийн дарамтад орвол эдгээр бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэснээс илүү хохирол амсах магадлал тун ойрхон байна.
-Гэхдээ тодотголоор төсвөө шийдүүлж чадаагүй объектуудад татвар төлөгчдийн мөнгийг зориулсан. Хамгийн гол нь тэдгээр барилга, байгууламжууд нь ганц далайлтаар шийдчихэж болдоггүй, нийгмийн суурь дэд бүтцийн чанартай. Тэгэхээр эрх баригчдын хэлж байгаачлан мөнгөгүй гээд суугаад байлгүй өр тавиад ч болов асуудлыг шийдэх нь зөв юм биш үү. Хөрөнгө мөнгөгүйгээс болж гацсан ажил ганц үүгээр тогтохгүй шүү дээ.
-Үүнийг АН-ынхан анх хэлээгүй. Тэд одоо л хэлж байгаа юм. Манай намынхан хэлж ирсэн. Эдгээр бүтээн байгуулалтын ажлууд нийгмийн захиалгаар тавигдсан нь үнэн. Үнэндээ эрх баригчид анх “Ардын намынхан засаг барьж байхад эхэлсэн учраас хийхгүй” гэсэн ойлголттой байсан. Ерөнхий сайд нь хүртэл оруулж ирсэн төсвөө “авлигажсан” гэж зарласан, хойшлуулсан. Нийгмийн захиалгыг гүйцэлдүүлэхээс урьтаж, засгийн эрх барьж буй үедээ заавал өөрийн гэсэн ажил хийх ёстой гэсэн байдлаар олон зүйл цоо шинээр хийж эхэлсэн. Тухайлбал, Ерөнхий сайд өөртөө 50 тэрбум төгрөг төсөвлөж, түүнээсээ замын цагдааг торгодог багажтай болгох шаардлага байсан уу. 50 тэрбум төгрөгөөр хэчнээн сургууль, цэцэрлэг барих байсан билээ. Одоо л гэнэт ухаан орсон юм шиг зүйл яриад байгаа юм.
Эдийн засаг хүндэрлээ гэдгийг бид 2013 оны зургадугаар сараас л ярьсан. МАН-ынхан эрх баригчдын мууг үзэх гэсэндээ хэлж байсан юм биш. Чиний хэлсэнчлэн дээрх бүтээн байгуулалтын ажлуудыг дуусгах ёстой. Гэхдээ эрх баригчдын хэлж байгаа шиг өр тавин байж дуусгаж болохгүй. Энэ Засгийн газар төрийг данхайлгасан. Төрийн албанд нэмэгдсэн орон тоог дагаж гарах урсгал зардлаар эдгээр ажлыг дуусгачих ч байсан юм билүү. Ер нь хэлснээ хийгээгүй байж илүү олон шинэ ажил төлөвлөдгөө болих хэрэгтэй. Өр тавиад л байвал ажил урагшилна гэх байдлаар хандвал улс орны байдал улам хүндэрнэ. Эхлээд өөрт ямар боломж байна гэдгээ харах ёстой. Бүтээн байгуулалтын ажлуудыг дуусгана гэвэл 550 тэрбум төгрөгийн өр тавина, ажил хийхгүй гэж байгаа бол өр тавихгүй гээд суугаад байж болохгүй. Боломж бий.
-Ер нь төсөв хэлэлцэх үед ирээдүйн дүр зураг ямар байсан юм бэ. Сангийн сайд улсын төсөв, хөрөнгийн талаар их л гутранги зүйл ярих болж.
-Санхүүгийн салбарт арваад жил ажилласан хүний хувьд төсвийн төлөвлөлтийн талаар тодорхой хэмжээний ойлголт бий. “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ” гэдэгчлэн хэчнээн хэмжээний гүйцэтгэл, ирэх жилийн эдийн засгийн өсөлтийн тооцоо зэрэгт үндэслэн тухайн оны төсвөө төлөвлөдөг байх хэрэгтэй. Гэтэл 2013 оны төсөв бодит бус болсон. Энэ талаар би хэлж л байсан. Учир нь 2012 оны орлого 1.4 их наяд төгрөгөөр тасарсан байхад дараа оныхоо төлөвлөлтийг тэрхүү тасарсан орлогыг харгалзалгүй, биелээгүй төлөвлөгөөтэйгөө уялдуулан баталсан. 2014 оны төлөвлөлтийг мөн л ийм байдлаар хийсэн. Тиймээс ч энэ оны эхний хагаст орлого нь 400 тэрбум төгрөгөөр тасарчихаад байна. Цаашид хэдээр тасрахыг таашгүй.
-Эдийн засаг хүндэрсэнтэй холбоотойгоор МАН-ын бүлгээс Засгийн газрын зарим гишүүнд хариуцлага тооцуулах шаардлагын хугацаа дууслаа. Ерөнхий сайд хэнд ч хариуцлага хүлээлгэсэнгүй.
-Ажлаа хийж чадахгүй байгаа сайдуудад хариуцлага тооцож, хэн чадаж байгаагаар нь ажил хийлгэх ёстой гэдэг байр суурь л илэрхийлсэн. АН боловсон хүчингүй болчихсон биш. Өнөөдрийн нөхцөлд хүргэсэн хариуцлагагүй сайдуудтайгаа эхний ээлжинд хариуцлага тооцооч гэсэн. Ингэснээр төр хариуцлагатай болж, төрийн бодлого шийдвэрийг дагаж мөрдөх ёстой гэдэг үгийг ард иргэддээ бардам хэлэх нөхцөл бүрдэнэ. Тэгээгүй байж “Ард түмэн хэрэглээндээ анхаар” гээд байгаа нь утгагүй. Эдийн засгийг сэргээхийн тулд эхний ээлжинд хариуцлагагүй үйл ажиллагаа явуулж, өнөөдрийн түвшинд аваачсан нөхдүүдтэйгээ хариуцлага тооцох ёстой гэж намын бүлгийн дарга нь ч санал нэгдсэн. Эдийн засгийг 100 хоногийн арга хэмжээ бол зүгээр л 100 хоног хүлээгээч хэмээн хариуцлагаас мултрах гэсэн оролдлого. 100 хоногийн дотор эдийн засгийг сэргээчихнэ гээд байхад “Та нар чадахгүй” гээд сөрөөд байх хэцүү. Ийм хугацаанд эдийн засаг сэргэнэ гэдэг амаргүй. Үнэхээр хийж чадвал сайн л байна.
-Ийм нөхцөлд Ерөнхий сайд танхимын гишүүддээ хариуцлага тооцож чадахгүй байгаа нь бүлэглэл хоорондын дунд яаж ч чадахгүй байгаагийн илрэл гэж харах хэсэг байна. Та юу гэж бодож байна вэ?
-Янз бүрээр л тайлбарлаж байгаа. Ерөнхий сайд танхимаа удирдах ёстой. Гэтэл өөрийнх нь болоод танхимынх нь явуулж буй үйл ажиллагаа эдийн засгийг ийм хүнд байдалд хүргэсэн гэдгийг хүлээн зөвшөөрч чадахгүй бол Ерөнхий сайдтай хариуцлага тооцох ёстой. Нөгөө талаас улс төрийн соёл байх ёстой. Алдаа гаргасан хүний толгойг илээд байвал энэ улс орон хөгжихгүй. Хариуцлагыг тооцсон шиг тооцож, ямар нэгэн улс төрийн бүлэглэл, фракцын эрх ашигт нийцүүлэх шаардлагагүй.
Б.НОМИН
Эх сурвалж: Өнөөдөр сонин