Ирэх наймдугаар сар тохиох Халхын голын дайны ялалтын түүхт 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын гарамгай баатар Л.Дандарын мэндэлсний 100 жилийн ойг давхар тэмдэглэж байна. Өнөөдөр түүний “Монгол Улсын гарамгай баатар” цол хүртсэн өдөр бөгөөд ЦДБЭЧ-ын өмнө байрладаг баатрын хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, цэцэг өргөх ёслол боллоо. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, Монгол Улс, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа нарын батлан хамгаалах, зэвсэгт хүчний удирдлагууд болон Л.Дандар агсны ач охин, “Алаг морьт Дандар баатар” ТББ-ын тэргүүн Г.Гангамөрөн нарын хүмүүс энэхүү хнүдэтгэлийн ёслолд оролцсон юм.
Энэ үеэр баатрын ач охин Г.Гангамөрөн өвөөгийнхөө мэндэлсний түүхт 100 жилийн ойг ийнхүү хүндэтгэлтэйгээр эхэлж байгаад талархлаа илэрхийлээд, Монгол Улсын Засгийн газар, Булган аймгийн ЗДТГ-тай хамтран түүний гэр музейг байгуулах, төрж өссөн нутаг болон Халхын голын дайны нутгаар аялал зохион байгуулах зэрэг олон ажил төлөвлөж, заримыг нь хэрэгжүүлж эхэлсэнээ дуулгалаа.
Эх сурвалж: zasag.mn