10 мянган оюутан цалинтай ажиллана

Хуучирсан мэдээ: 2014.05.29-нд нийтлэгдсэн

10 мянган оюутан цалинтай ажиллана

Их, дээд сургуульд суралцдаг оюутан залуусыг ажлын байраар хангах зорилгоор өнгөрсөн жил Хөдөлмөрийн яам, Монголын Залуучуудын холбоо хамтран “Ажлын гараа”, “Сумын залуус”, “Цагийн ажил” зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн нь амжилт олж, 3000 орчим залуусыг ажилд хамруулж чадсан юм.

Хөтөлбөрийг энэ жил хоёр дахь удаагаа хэрэгжүүлэхээр болж, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат нар өнөөдөр гарын үсэг зурлаа. Ингэснээр өнөө жилийн бүтээн байгуулалтад 10 мянган оюутан залуус гар бие оролцож, Монгол орны өнцөг булан бүрт хүрч ажиллах болж байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Хөдөлмөрийн яамнаас 2 тэрбум төгрөгийг зарцуулна, харин ажилд зуучлагдан очсон залуус сард 500.000-1.000.000 хүртэл төгрөгийн цалин авч ажиллах юм байна.

Гэрээнд гарын үсэг зурсны дараа Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав “Өнгөрсөн жил оюутнууд барилга, авто зам, шинээр байгуулж байгаа үйлдвэр, 300 гаруй суманд хүрч ажилласан туршлагаа өргөжүүлж, өнөө жил 10 мянган оюутныг орон нутагт бүтээн байгуулалтын ажилд дайчлахаар болж, гэрээ байгууллаа. Энэ ажилд Хөдөлмөрийн яам 2 тэрбум төгрөгийг зарцуулна. Гаргаж хөрөнгө том, гэхдээ залуус маань үүнээс илүү том бүтээн байгуулалтыг хийнэ гэж найдаж байна. Мөн залуус харилцан бие биенээсээ туршлага судлах, хөдөлмөрийн амт шимийг мэдрэх, орон нутгийн ажил амьдралтай танилцах харилцаа холбоог Монголын Залуучуудын холбоо уламжлалаараа бий болгохыг зорьж байгаа нь бахархууштай. Оюутан залуус маань очсон газартаа зөвхөн ажил хийгээд зогсохгүй сум орон нутаг дахь залуусыг хөгжүүлэх, орон нутгийг хөгжүүлэх зэрэг олон олон ажилыг үр дүнтэй хийнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Засгийн газрын шугамаар аймаг, сумдын удирдлагуудад анхаарлаа хандуулж ажиллах чиглэлийг өгөх болно” гэсэн юм.

Бид Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбатаас дараах тодруулгыг хийлээ.

-Оюутан залуусыг ажилтай болгох хөтөлбөр хоёр дахь жилдээ үргэлжлэх болж байна. Өнгөрсөн жил оюутнууд өвөлжөө, хаваржаа барьсан, энэ жил ямар ажил эрхлэх юм бол. Монголын Залуучуудын Холбоо ажил олгогч нараас ажлын байрны захиалга авсан, гол төлөв ямар ажлын байр санал болгоо бол?

-Өнгөрсөн мягмар гаригт Монголын Залуучуудын Холбоо хөдөлмөрийн яармаг зохион байгуулах үеэр бүтээн байгуулалтын чиглэлээр ажил эрхэлдэг компаниудаас 1700 гаруй ажлын байрны захиалга ирсэн. Эдгээр ажлын байруудад залуучуудыг явуулна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Хөдөлмөрийн яам 2 тэрбум төгрөгөөсөө нэг оюутанд 200 мянган төгрөгийн дэмжлэг өгч, ажлын захиалга өгсөн компани нь оюутан бүртэй цалингаа тохироод аваад явна.

Үүнээс гадна оюутан залуусыг сум руу илгээнэ, зөвхөн Улаанбаатар хотоос суманд очсон залуус ажил эрхэлдэг байсан бол суман дахь залуустай хамтраад мөн ажил эрхэлнэ. Тийм боломж хөтөлбөрийн хүрээнд бүрдсэн. Мөн МЗХ-оо нь өнгөрсөн жил оюутан залуусаар дамжуулж 4-5 модуль хэрэгжүүлж байсан бол энэ жил 20 хүртэл модуль хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

-Тухайлбал, суманд ямар “загвар”-ыг хэрэгжүүлнэ гэж?

-Жишээ нь, “Шинэчилж шийдье”-гийн хүрээнд “Сумыг шинэчилнэ гэвэл яг юуг шинэчлэл гэж үзэх вэ гэдгийг сумын ахмад настан, залуус, төрийн албан хаагч нараас санал авч тодорхойлон жагсаалт гаргана.

Мөн “Ухаалаг төр-сумаас” иргэдийн оролцоо шууд ардчиллыг суманд хэрхэн бэхжүүлж байна вэ, сүүлийн хоёр жилийн хугацаанд хэрэгжсэн Төсвийн тухай хууль суманд бодит биелэлээ олсон байна уу, төрийн албан хаагчид нь ямар ойлголттой байна, ахмадууд, залуус ямар ойлголттой байгаа талаар анализ хийнэ.

Соёл, спорт, аялал жуулчлалын яамтай хамтраад сум бүрт аялал жуулчлалын маршрут гаргана. Сум болгонд явган аялалын клуб байгуулна. Архитай биш тархитай гээд “Спирт үү, спорт уу” хөдөлгөөний II давлагааг суманд хийнэ. Өөрөөр хэлбэл, сум бүрт очсон оюутан залуус маань залуучуудыг архинаас хол байх, яаж спортлог амьдрах вэ гэдгийг сургана.

Төрийн албан хаагчдын дунд “Би авлига авахгүй, өгөхгүй” компанит ажил өрнүүлнэ. Энэ хүрээнд төрийн албан хаагч нарыг авлигаас яаж урьдчилан сэргийлэх вэ, яаж бас авлига авахгүй, яаж өгөхгүй байх вэ гэх чиглэлээр таниулах ажлыг хийнэ. Сарын турш оюутан залуус маань завгүй ажиллана.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж