Эрүүл мэндийн яамнаас 2014 оныг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгосон зарласантай холбогдуулан Хэнтий аймгийн Хэрлэн 1-р сургуулийн 7А ангийн авьяаслаг сурагч Ц.Ухаанзаяагийн “Ачийг тань хариулья” нэртэй уран бүтээлийн хандивын тоглолтыг энэ сарын 19-нд гурван удаа зохион байгууллаа. Ц.Ухаанзаяа охины тоглолтын орлогоор аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Төрөх тасаг”-ийн эхчүүдийн орыг шинэчлэх зорилготойгоор аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Ардын дуу бүжгийн “Хан Хэнтий” чуулга, Боловсролын газар, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсээс хамтран зохион байгуулж, мэдээллийн ивээн тэтгэгчээр “Өндөрхаан”, “Хэнтий” телевиз, “Хэнтийн мэдээ”, “Шинэ сонор” сонинууд хамтран зохион байгуулсан байна. Сурагч Ц.Ухаанзаяагийн тоглолтын өмнө хэвлэлийн бага хурал зохион байгуулж, сэтгэлийн илгээмж нийт ард түмэндээ хандаж хүргэсэн байна.
Сэтгэлийн илгээмж
“Намайг Цэрэндондовын Ухаанзаяа гэдэг. Сайхан сэтгэлт хүмүүн таньд сэтгэлийн үгээ хэлэх завшаан олдсонд хязгааргүй баярлаж байна. Монгол Улс энэ жилийг “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан, тун удахгүй гурван сая дахь иргэнээ хүлээн авах гэж байгаа нь надад маш сайхан санагдсан. Тиймээс би бяцхан оюундаа тунгаан бодсоны эцэст энэ үйл хэрэгт өөрт байгаа зүйлээрээ хувь нэмэр оруулахыг хүссэн. Надад байгаа тэр зүйл бол миний бяцхан авьяас” учир хандивын тоглолт хийхээр шийдсэн юм. Энэ тоглолтынхоо орлогоос хорвоод мэндлэх шинэ иргэнийг тосон авч байдаг аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Төрөх тасаг”-т хандивлаж, алаг үрээ алтан хэвлийдээ тээж, амар амгалан амаржсан эхчүүдийн орыг нь шинэчилж өгөхөөр шийдээд байгаа билээ. Та бид хамтран эхчүүд, бяцхан үрсийнхээ сайн сайхны төлөө энэ асуудлыг шийдэж чадна. Иймээс үе тэнгийн найз нар, ах, эгч, Чингис хотын иргэн та бүхэн миний санаачлагыг дэмжинэ гэдэгт итгэж, сайхан сэтгэлээс урган гарсан сайн үйлсэд өөрийн хувь нэмрийг оруулахыг уриалж байна. Аавдаа алт, ээждээ эрдэнэ болсон энхрий булбарай дүү нар минь эсэн мэнд бойжиж, Их эзэн Чингис хааны оюунлаг үрс олон болох болтугай” гэжээ
Тус тоглолтонд Улаанбаатар хотоос МУСТА Ч.Банзрагч багштай уран нугаралтын “Дэлбээ”, охидын “Инээмсэглэл” хамтлаг тус тус хүрэлцэн ирсэн бөгөөд Хэрлэн 1-р сургуулийн бүжгийн “Хувьсал” хамтлаг, Ардын дуу бүжгийн “Хан Хэнтий” чуулгын үндэсний хөгжимчид тоглолтонд оролцож нэгэн өдрийн турш “Хан Хэнтий” чуулгын тайзнаа дуу хуур, бүжиг наадмаар Чингис хотын хүүхэд багачууд, иргэдийг цэнгүүллээ. Тоглолтын эзэн Ц.Ухаанзаяа уран нугарч, дуулж, бүжиглэж, хулсан хуураар хурдаж олон төрлийн авьяасаараа бэлэг барьж, үе тэнгийнхэн, үзэгч олноо бишрүүлж, хүүхэд багачууддаа үлгэр дууриал боллоо.
Түүнийг гэгээлэг үйлсийг бүтээсэнд нь Эрүүл мэндийн салбарын “Эх хүүхдэд ээлтэй сурагч”-аар өргөмжилсөн юм. Тэрээр улсын чанартай олон ч уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож, Нийслэлийн шилдэг сурагч, 2013 оны Хэнтий аймгийн урлаг, хүмүүнлэгийн шилдэг сурагч, Монголын Хүүхдийн төлөө үндэсний газрын “авьяас” алтан медаль, Монголын хүүхдийн ордны “эрдэм” алтан медаль, Монголын сурагчдын холбооны “авьяаслаг сурагч” алтан медаль, Цэцгэн шүүдэр уран нугаралтын улсын уралдааны хошой “алтан” медальт шилдэг сурагч юм. Мөн Ц.Ухаанзаяа нь өнгөрсөн жилийн тавдугаар сарын 7-нд Улаанбаатар хотноо Улаанбаатар чуулгын их тайзнаа “Ачийг тань хариулъя” тайлан тоглолтоо хийсэн бөгөөд Баянзүрх дүүргийн Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор, “Бадамлянхуа” хүүхдийн асрах төвийн 350 гаруй өнчин болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд багачуудын дунд "Эгэл амьдралын тулах багана – Ирээдүйн оюунлаг эздээ баярлуулъя” нэртэй хүмүүнлэгийн арга хэмжээг зохион байгуулжээ.
Тус арга хэмжээнд өөрийн болон үе тэнгийн найзуудынхаа уран бүтээлийн дээжээс сонирхуулахын сацуу гар зургийн уралдаан, шүлэг, дууны тэмцээнийг зохион байгуулж нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлж, 3 500 000 төгрөгийн үнэ бүхий өөрийн тоглолтын тасалбараа "Огторгуйд дүүлэн одох моторт дугуй" хүүхдийн ном, гарын бэлгийн хамт хүүхэд бүрт бэлэглэсэн. Мөн тус асрах төвүүдийн номын санд 500 000 төгрөгийн үнэ бүхий 100 ширхэг "Огторгуйд дүүлэн одох моторт дугуй" номыг хандивласнаас гадна тоглолтыг нь үзэхээр ирсэн бүх үеийн найзууддаа тасалбараа дагуулан 1 500 000 төгрөгийн үнэ бүхий номыг дагуулан өгч, хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн байна. Тэрээр ийнхүү хүмүүнлэгийн тоглолтоо хийснээр Хан Хэнтий аймгийн “урлаг, хүмүүнлэгийн шилдэг сурагч”-аа баталсан сайхан арга хэмжээ боллоо.
Д.ОДОН