УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганаар “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ыг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Л.Энх-Амгалан, Д.Хаянхярваа, О.Баасанхүү нар үг хэлсэн юм.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “1995 онд УИХ-аас баталсан баримт бичиг шилжилтийн үеийн боловсролын тухай багц хуулийг боловсруулах, түүнээс хойшхи жилүүдэд боловсролын хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэх найруулахад чиг баримжаа болох үүргээ сайн гүйцэтгэсэн. Харин өнөөдөр улс орны хөгжлийн дараагийн үе шатны хэрэгцээг тусган шинэчлэх шаардлагатай болж байна. Өнөөдөр сургуулиуд мэдлэгийн нийгэмд шаардлагатай хүнийг бэлтгэх ёстой. Өнөөдөр цаг үеийнхээ хэрэгцээ шаардлагыг хангах зорилготойгоор “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого” шинэчлэгдэн орж ирж байгаа нь зүйтэй. Төсөлд манай нийгмийг мэдлэгийн эдийн засагт шилжүүлэх үеийн үндэсний хөгжлийн суурь хүчин зүйл нь боловсрол болохыг тодотгож иргэдийн эзэмших боловсролын чанарыг дээшлүүлэх, бүх насны хүмүүсийн боловсролыг тасралтгүй сайжруулж байх насан туршийн боловсролын үзэл баримтлалыг тусгасан байна” гэлээ.
Мөн тэрээр хэлэлцэж байгаа төсөлтэй холбогдуулан “Боловсролын түвшин бүрийн ерөнхий агуулга, зорилтыг тодруулж томъёолсон нь боловсролын байгууллага олон хэлбэртэй, нээлттэй болж байгаа нөхцөлд агуулгын нэгдмэл стандартыг мөрдүүлэх, иргэдийнхээ чанартай боловсрол эзэмших эрхийг баталгаажуулахад үр нөлөөтэй хэрэгсэл болохоор байна. Үүнд үндэслэн цаашид боловсролын түвшний үндэсний ангиллын системийг албан ёсоор тогтоож, түүний хүрээнд академик боловсрол, мэргэжлийн боловсролын түвшин хэрхэн харгалзахыг тодорхойлох шаардлагатай. Боловсролын чанарыг дээшлүүлэхийн хамт сургуулийн өмнөх болон тусгай хэрэгцээт боловсролын хүртээмжийг үргэлжлүүлэн сайжруулах чиг баримталж байгаа нь зүйтэй байна. Бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх хугацаа тогтоож, хүрэх түвшний талаар тодорхой зорилт дэвшүүлж, хэрэгжилтийн явцыг байнга хэлэлцэж дүгнэж байхаар тусгасныг сайшааж байна” гэдгийг онцолсон юм.
Үүнээс гадна хэлэлцүүлгийн явцад дараах асуудлуудыг анхаарахыг хууль санаачлагчид санууллаа. Тухайлбал, боловсролын байгууллагын үйл ажиллагааг олон эх үүсвэрээс санхүүжүүлэхээр тусгасныг хэрхэн хэрэгжүүлэх гол механизмыг тодотгох хэрэгтэй байна. Өмнө нь улсын төсвийн зарлагын 20-иос доошгүй хувийг боловсролд зарцуулахаар хуульчилж байсан. Цаашид энэ хувь хэмжээг тууштай баримталж байх шаардлагатай. Үүний зэрэгцээ байгууллага, иргэдээс хандив, дэмжлэг үзүүлэхийг урамшуулсан эрхзүйн орчин шаардлагатай, Боловсрол нь нийгэмд тустай үр нөлөөтэй гэдгийг хүлээн зөвшөөрч энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд ялгаваргүй тэгш хандах учиртай, Төсөлд тусгасан зорилтуудад хүрэхэд харьцангуй богино хугацаанд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт, санхүүжилт шаардлагатай болох дүр зураг харагдаж байна. Үүнийг дан ганц улсын төсөв, хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх боломжгүй. Иймд төр-хувийн хэвшлийн түншлэлийн бүх хэлбэрийг ашиглахаар бодож холбогдох зохицуулалтыг тодруулан тусгах шаардлагатай байна гэдгийг онцолсон юм.
Ш.ОЧ