Энэ удаад тэрбээр Японы Нагано, Каназава, Ёокохама хотуудад сүсэгтэн олонд зориулсан лекц уншсан юм. Нагано хотноо айлчлах үеэр Зэнкожи хэмээх Буддийн шашины Япон сүмд зочиллоо. Учир нь 2008 оны арван нэгдүгээр сард тус сүмд нэгэн бурханы баримал бэлэглэсэн бөгөөд тэр үеэр тус сүмийн урилга хүлээж авчээ. Далай багшийг Токио хотноо морилох энэ сайхан завшаанд Тѳвд Монголын Буддын шашины соёлын тѳвийн Япон дахь салбараас Япон Улсад суугаа сүсэгтэн олон монголчуудад зориулан тухайлан нэг өдрийг олж айлтгал хийлгэсэн нь тун чухал ажил боллоо. Тэрбээр энгийн амьдралын эгэл зүйлээс авахуулаад буддийн шашины гүн ухааны цогц ойлголтуудын талаар болон ерөөсөө хүний амьдралын мөн чанарын талаар дэлгэрэнгүй ярилаа. Дээрхийн Гэгээн Арвандөрөвдүгээр Далай Лам Данзанжамц нь бурханы шашны мөн чанар болон амьдралын утга учир, үнэн мөнийг тунгааж гэгээрсэн бөгөөд аугаа их эерэг энергийн бодисадва билээ. Түүний ариун сургааль, айлдварыг сонсох нь энэ насанд тохиолдох нэгэн цагийн хувь ерѳѳл хэмээн сүслэм. Далай багшаас Япон дахь Монголчуудад айлдах энхүү сургааль, айлдвар нь бид бүгдэд амьдралын утга учир, сайн сайхан, авах гээхийн ухааныг хэлж өгөх буяны болон сэтгэлийн ариун бэлэг боллоо.
Энэ ѳдрийн сургааль, айлдварыг Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, Урлаг судлалын ухааны Доктор, Профессор Н.Жанцанноров нээн хөтлөж “Эрхэм та бүхний өдрийн амгаланг айлтгая. Дээрхийн гэгээн арван дөрөвдүгээр Далай лам дахин Японд морилж, Монгол үндэстэнүүддээ айлдвараа хайрлах ариун сайхан цаг дахин тохиолоо. Энэ сайхан цагийг хүндэтгэн миний бие Монголын Анхдугаар Богд Өндөр Гэгээн Занабазарын дурсгалд зориулсан “Цагаан Суварга” гэдэг бүтээлээ Япон Улсад суралцаж байгаа шавь нарынхаа хамт Гэгээн танд өргөн барья.” хэмээн алдарт “Цагаан суварга”-гаа тоглоход Далай лам чих тавин, сэтгэл уяран сонсож баяр хүргэлээ.
Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Нацагийн Жанцанноров
уулзалтыг нээж байгаа нь.
Тэрбээр айлтгалдаа “Монгол, Төвдийн ард түмний эртний холбоо сүлбээ, Бурханы шашин түгэн дэлгэрсэн түүх, Монгол Улсад морилж байсан түүх, Өвөр Монголчуудын тухай, монгол сайхан айргийн тухай, Далай лам хэмээх алдарыг хүртсэн тухай, багш нарынхаа тухай, монгол хэл сурч байсан тухайгаа, Ардчилсан Монгол үндэстний бурхан шашны талаар явуулж буй бодлого, Энэтхэгт сурч буй монгол лам нарын тухай, Төвд орны талаар, оюутнуудын хичээнгүйлэн сурч боловсрох тухай, Чингис хаан, түүний залгамжлагчид, орчин үеийн Монголчуудын эрхэмлэх зүйлийн талаар, бусад шашны харилцан нөлөөлөлийн тухай зэрэг олон сэдвээр ярьж буддийн шашны лам нарыг Дармасалд очиж сурахыг уриаллаа.
Монголчуудад зориулсан энэ уулзалт Интерконтинентал Ёокохама Гранд Зочид Буудлын Дугуй танхимд болж 200 орчим монголчууд цугласан юм. Уулзалт айлтгалын төгсгөлд Н.Жанцанноров гуай Япон дах монголчуудыг төлөөлөн “Гэгээнтэн тандаа маш их баяралалаа. Таны бие мах бод сэрүүн тунгалаг, оюун билэг ариун баян байх болтугай. Монголчууд, монгол үндэстэн бид энэ жил Монгол Улсад болсон Олон улсын морин хуурчдын чуулганы шилдэг гурван морин хуурын нэгийг Японд ажиллаж сурч, амидарч байгаа бүх монгол үндэстнүүдийнхээ өмнөөс өргөн барьж байна.” гэж хэллээ.
Монголчууд Далай багштаны айлдварыг шимтэн сонсож байгаа нь.