Гэмт хэргийн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2014.05.29-нд нийтлэгдсэн

Гэмт хэргийн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2014.05.29/ үдээс хойшхи хуралдааны эхэнд Гэмт хэргийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явууллаа. Үдээс өмнөх хуралдааны үеэр гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан төсөл санаачлагчаас асуулт асууж, хариулт аваад байсан юм. Ингээд санал хураалтаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.

Үүний дараа Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхлэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин танилцууллаа.

 

Монгол Улсын Эрүүгийн болон Захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалсан үнэт зүйл, хууль ёсны ашиг сонирхлыг зүй зохистой хамгаалж, ялгамжтай хариуцлага тооцох үүргээ бүрэн биелүүлж чадахгүй болсон аж. Социалист нийгмийн харилцаанд нэн тэргүүнд хамгаалж байсан тухайн үеийн үнэт зүйл болох социалист өмч, нийгмийн дэг журам, хамтын аж төрөх ёсыг гэх мэт нэн тэргүүнд эрэмбэлэн хамгаалж байсан харилцаа өөрчлөгдөж, шинэ Үндсэн хуулиар тунхагласан хүний эрх, хувийн өмч зэрэг ардчилсан нийгмийн харилцаанд үнэт зүйл гэж үзэж байгаа ойлголтуудыг материаллаг хэм хэмжээгээр хамгаалах бодлогыг шинээр авч үзэх хэрэгтэй болсон байна.

Гэмт хэргийн бүрэлдэхүүн, зөрчлийн шинж нь хор аюулын шинж чанар, нийгмийн үнэлэмжээр ялгагдаж, хууль зүйн хариуцлага тооцох боломжоороо харилцан нөхөж байх ёстой. Учир нь гэмт хэргийн нийгэмд аюултай шинж нь байнга хувьсан өөрчлөгдөж байдаг. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Эрүүгийн хуульд “….гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч ялимгүйн учир нийгэмд аюулгүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй…” гэсэн заалт, бусад хууль тогтоомжид заасан “…хэрэв эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол…” гэсэн ерөнхий үг хэллэгээр заагласан нь ял завшуулах нэг нөхцөл болдог хэмээн сайд танилцуулгадаа дурдсан.

Монгол Улсын “Захиргааны хариуцлагын тухай хууль” нь 3 бүлэг, 56 зүйл заалттай, 1992 оны 12 сарын 15-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж, түүнээс хойш 20 гаран удаагийн нэмэлтээр уг хуулийн тавны нэгд өөрчлөлт орсон боловч Эрүүгийн хуультай харилцан уялдаа, холбоогүй, хэм хэмжээний давхардал үүсгэдэг аж.

Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад харилцааг зохицуулсан 220 гаруй хуулиар тогтоосон захиргааны зөрчил, түүнд хүлээлгэх захиргааны хариуцлагыг тодорхойлсон хэм хэмжээг төрөлжүүлэн нэгтгэж, Гэмт хэргийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал агуулга, хууль зүйн техникийг баримтлан Зөрчлийн тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөлд албан ёсны санал авахаар 131 байгууллага, судлаачдад хандсанаас давхардсан тоогоор 85 байгууллагаас 1500 орчим санал ирснийг хуулийн төслийн үзэл баримтлалд нийцүүлэн тусгажээ.

Хууль зүйн байнгын хороо хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн байна. Төсөл санаачлагчийн танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсны дараа гишүүд асуулт асууж, хариулт авсан.

УИХ-ын гишүүн Г.Батхүү, иргэд гарцгүй газраар гүйлдэн, замын хөдөлгөөнд саад учруулдаг. Зарим улс оронд гарцгүй газраар явж байгаад автомашинд мөргүүлсэн хүнээс автомашиныг гэмтээсэн хохирлыг гаргуулдаг хууль үйлчилдэг байна. Ер нь жолооч, явган зорчигчийн аль аль талыг хариуцлагажуулах талаар хуульд хэрхэн тусгасан бэ хэмээн лавласан. Хууль зүйн сайдын тайлбарласнаар, явган зорчигч замын хөдөлгөөний дүрэм зөрчвөл торгууль ногдуулахаар Зөрчлийн тухай хуулийн төсөлд тусгасан байна. Харин явган зорчигч замын хөдөлгөөнд аюул учруулах үйлдэл хийвэл гэмт хэрэгт тооцох тухай Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд оруулсан аж.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, бага насны хүүхдээ тэврээд жолоо барьдаг, хүүхдээ урдаа суулгаад явдаг асуудлыг Зөрчлийн хуулиар зохицуулж чадах эсэхийг тодруулж байлаа.

Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд хүн тээвэрлэх журмыг зөрчсөн бол торгууль ногдуулахаар заасан аж. Харин хүн тээвэрлэх журам буюу Замын хөдөлгөөний дүрэмдээ хүүхэд хэрхэн тээвэрлэх талаар нарийн тусгах хэрэгтэй юм байна. Дээрх журмыг зөрчин хүүхдээ журамд заасны дагуу тээвэрлээгүй бол Зөрчлийн хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэхээр төсөлд тусгаад байгааг ажлын хэсгээс тодруулж хэлсэн юм.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Албадлагын арга хэмжээг юу гэж ойлгох вэ торгуулийн хэмжээг тооцох нэгж ногдуулна гэж байна. Монгол төгрөгөөр торгуулийг ногдуулж болохгүй юу гэсэн асуулт тавьсан.

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Албадлагын арга хэмжээнд нэн тустай ажил хийлгэх гэж оруулж ирсэн. Торгуулийн мөнгө төлөх чадваргүй хүнтэй албадлагын арга хэмжээгээр харьцах боломжтой. Тэр хүмүүсээр нэн тустай ажил албадан хийлгэн хүмүүжүүлэх болон нөлөөлөх аргыг хэрэглэнэ. Төгрөгөөр торгох асуудлыг нэлээн ярьсан. Төгрөгөөр торгоно гээд баталчихвал торгуулийн үр нөлөө багаслаа гээд хуулиа байн байн засах хэрэг гарах байх гэсэн болгоомжлол байгаа юм гэсэн хариулт өгсөн юм.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Зөрчлийн тухай хуулиар шийтгүүлбэл гэмт хэрэгтэн болох уу. Зөрчил гаргасан хүнтэй хэн хариуцлага ногдуулах вэ хэмээн асуусан.

Сайдын хариулснаар, Зөрчилд шийтгэл ногдуулж, гэмт хэрэгт ял оноох бөгөөд зөрчил гаргаад шийтгүүлсэн хүн ял шийтгэл эдэлсэн гэсэн үг биш аж. Сайд шийтгэл, ял хоёрын ялгааг сайн зааглаж ойлгох ёстой гээд зөрчил гаргасан хүнд гэмт хэрэг үйлдсэн гэсэн нэр хаяг зүүгдэх учиргүй хэмээсэн. Шийтгэлийг улсын байцаагчаас гадна шүүхээс ногдуулах юм байна. Ийнхүү хэлэлцсэний дараа санал хураалт явуулахад чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн учир төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж