Геологи, уул уурхайн эрх зүйн орчин тогтвортой болно

Хуучирсан мэдээ: 2014.05.29-нд нийтлэгдсэн

Геологи, уул уурхайн эрх зүйн орчин тогтвортой болно

Геологи, уул уурхай, газрын тосны эрх зүйн орчин урт хугацаанд ойлгомжтой, тогтвортой болно

2014 онд Уул уурхайн яамнаас хэрэгжүүлэх 10 том бодит  ажил

Уул уурхайн яамнаас 2014 онд хийхээр төлөвлөсөн 10 том ажлыг танилцуулж байна.

 

 

1. Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх.

2. Эрдэнэс таван толгойн ордод гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоог хангах зарчмаар ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, гадаад зах зээл дэх өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх.

3. Нүүрснээс шатах  синтетик хий гаргах “SNG” төслийг хэрэгжуулэх.Хамтарсан компани байгуулах, ТЭЗҮ-ийг 08 сарын дунд гэхэд бэлэн болгох. Төслийн бүтээн байгуулалтын ажлыг 2014 онд багтаан эхлүүлэх. Энэ төслийн санхүүжилт үйлдвэрлэх шатдаг хийн хэмжээнээс хамааран 30 орчим тэрбум ам.доллар болно гэсэн ойролцоо тооцоо байна. Энэ утгаараа бол түүхэнд хамгийн том төсөлд орох магадлалтай.

4.  Газрын тос боловсруулах үйлдвэр барих байршлийг сонгож, бэлтгэлийг хангах.

5. Стратегийн ач холбогдол бүхий ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах ажлыг эрчимжүүлэх (2014 онд Эрдэнэс таван толгой, Цагаан суврага,Гачуурт, Асгат гэсэн 4 орд)

6. Газрын тосны салбарын үйл ажиллагааг эрчимжүүлэх  / Уламжлалт газрын тос: түүхий тос, Уламжлалт бус газрын тос;нүүрсний давхарыг метан хий, битум, шатдаг занар,хийтэй занар/. Газрын тосны тухай хууль УИХ-аар батлагдсанаар энэ салбарт хэд хэдэн төсөл хэрэгжих боломжтой юм.

7. Газрын ховор элемент, жонш, нүүрс, алт, цайр ба бусад холимог металл зэрэг хөтөлбөрүүдийг боловсруулж дуусгах.Бусад яамдтай хамтарч "Зэс", "Төмөр" хөтөлбөрийн хүрээнд Зэс хайлуулах болон Гангийн үйлдвэр барих хүнд үйлдвэр төслийг эхлүүлэх.

8. Ашигт малтмалын тухай хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар Шүүхийн шийдвэрээр цуцлагдсан 106 тусгай зөвшөөрлийг холбогдох журамд заасны дагуу шийдвэрлэх боломжтой болно.Энэ удаагийн УИХ-ын чуулганаар  "урт нэртэй" хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг нэг тийш нь шийдвэрлэх байх гэж бодож байна. Ингэснээр урт нэртэй хууль жинхэнэ утгаараа хэрэгжих боломжтой  болно. Гол, ус хамгаалагдана. 1 мод огтолбол 5-10 мод ургуулдаг болох. Мөн цуцлагдсан тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хайгуулын ажилд зарцуулсан зардлын нөхөн төлбөрийн асуудлыг шийдэх учиртай.

9.  50.000:1 машстабын Геологийн зураглалын ажлыг эрчимжүүлж баялагийн нөөцийн илэрцийг тогтоох. Энэ ажилд зарцуулах хөрөнгийн хэмжээг жил бүр тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж  улсын төсөвт суулгах.

10. Геологи, уул уурхай, газрын тосны салбар нь их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагддаг. Тиймээс Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, эндээс энэ салбарын санхуужилтийг босгох зорилгоор Эрдэс баялагийн бирж байгуулах ажлыг зохион байгуулах.
 

Геологи, уул уурхай, газрын тосны салбарын эрх зүйн орчныг ойлгомжтой, урт хугацаанд тогтвортой байлгах зорилтын хүрээнд доорх хоёр хуулийн төсөл чухал нөлөөтэй байх болно.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж байна.Энэхүү төслийг боловсруулахдаа баялгийн эзэн болсон ард түмний эрх ашгийг дээдэлсний зэрэгцээ 2006 оны буюу одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн үндсэн зарчмыг хөндөхгүй, мөн хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаа явуулах эрхэнд халдахгүй байх зарчмыг баримталсан.УИХ-ын намрын чуулганаар Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг баталсан. Энэхүү бодлогын баримт бичигт эрдэс баялгийн салбар нь манай улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах гол хөдөлгүүр гэдгийг онцолж тус салбарын бүтээмж, өрсөлдөх чадварыг дэлхийн төвшинд хүргэх зорилтыг дэвшүүлсэн.Тус бодлогод тусгасан зорилтод хүрэхийн тулд одоо байгаа хуульд зохих өөрчлөлт оруулж байгаа юм.Хууль батлагдсанаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт тусгагдсан геологи, уул уурхайн салбарын зорилтууд хэрэгжих эрх зүйн үндэс бүрдэж, улмаар улс орны нийгэм эдийн засагт доорх эерэг үр дүн гарна гэж үзэж байна. Үүнд:
– Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг төрөөс зөвшөөрөгдсөн газар нутагт олгож эхэлснээр хөрөнгө оруулалт нэмэгдэж, ашигт малтмалын нөөц арвижиж, эдийн засгийн чадавхи, дархлаа сайжрах нөхцөл бүрдэнэ;

– Төрөөс геологийн салбарт баримтлах нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд геологийн судалгаа, шинжилгээ, мэдээллийн нэгдсэн сантай болно;
            – Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, уурхайн хаалттай холбоотой үйл ажиллагаа нь хариуцлагатай уул уурхайн зарчимтай нийцэх боломжтой болно;
– Салбарт орох хөрөнгө оруулалт болон баялгийн сан арвижих, экспортолж байгаа ашигт малтмалын боловсруулалтын түвшин дээшилснээр нэмүү өртөг эх орондоо үлдэх, экспортын орлого нэмэгдэх, боловсруулах үйлдвэрт тэргүүний техник технологи нэвтрэх, хөдөлмөр эрхлэлт эрс нэмэгдэх зэрэг эерэг үр дүн гарна.

– Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн үйл ажиллагаанд шаардлагатай бараа, ажил, үйлчилгээ авах, туслан гүйцэтгэгч сонгоход тэргүүн ээлжинд Монгол Улсад бүртгэлтэй татвар төлөгч аж ахуйн нэгжид давуу эрх олгодог болсноор дотоодын аж ахуйн нэгжүүдийн орлого, ашиг нэмэгдэнэ;

– Мэргэшсэн мэргэжилтэн, шинжээч болох эрхийг үндэсний болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, геологи, уул уурхайн салбарын төрийн бус байгууллагаас олгодог болсон. Ингэснээр ашигт малтмалын нөөц, ордын нөөцийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар гүйцэтгэдэг болно.

– Эрдэс баялгийн салбарын бодлого, хууль эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр хууль санаачлагчид судалгаанд үндэслэн зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Бодлогын зөвлөлтэй болсон. Ингэснээр хөрөнгө оруулалт ихээр шаардагддаг, үнийн хэлбэлзэл ихтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг олборлох үйлдвэрлэлийн салбарын эрх зүйн орчин урт хугацаанд тогтвортой байх нөхцөл бүрдэнэ.

Газрын тосны хуулийн шинэчилсэн найруулгын төслийг
УИХ-д өргөн барилаа

Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Газрын тосны тухай хууль нь 1991 онд батлагдсан.Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг жилийн өмнөУИХ-д өргөн барьсан. УИХ дээр  эцсийн хэлэлцүүлгийг хийж хуулийг батлах эсэх дээр санал хураахад олонхийн дэмжлэг авч чадаагүй. Иймд Засгийн газар энэ хуулийн төслийг УИХ-д дахин өргөн бариад байна. Энэ хууль нь 49 зүйлтэй.

Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаардараахь үр дүн гарна гэж үзэж байна.Yүнд:

– Газрын тосны салбарт төрийн байгууллагын эрх үүрэг тодорхой болж, газрын тос ашигласаны төлбөр (роялти)- болон тусгай зөвшөөрлийн төлбөрийн хувь хэмжээ, түүнийг ногдуулах, хөнгөлөх, чөлөөлөх болон тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, газрын тос эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаанд хяналт тавихтай холбоотой харилцаа боловсронгуй болно.

– Газрын тосны ордын ашиглалт явуулж буй аж ахуйн нэгжүүдийн харилцаа ил тод, ойлгомжтой, тодорхой болж бусад хуультай зөрчилдсөн зөрчлүүд арилна.

– Газрын тос, уламжлалт бус газрын тос эрэх, хайх, ашиглах тусгай зөвшөөрлийн ялгаа тодорхой болж, аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тогтолцоо иж бүрэн хэрэгжих нөхцөл бүрдэнэ.

– Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах үед мөрдөгдөж байсан татварын нөхцлийг хадгалсанаар хөрөнгө оруулалтын эрх зүйн таатай орчин бүрдэнэ.

– Ашигт малтмал, газрын тосны тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай давхцах тохиолдолд үүсч болох асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдэнэ.

– Монгол Улсад баригдах газрын тосны боловсруулах үйлдвэрийн түүхий эдийг дотоодоос хангах, улмаар газрын тосны бүтээгдэхүүний импортын хамаарлаас гарах, экспорт нэмэгдэх, гадаад валютын нөөц өсөх, ажлын байр нэмэгдэх зэрэг нийгэм, эдийн засгийн эерэг үр дагаварыг бий болгоно.

– Уламжлалт бус газрын тосны эрх зүйн орчин тодорхой болно.

– Газрын тос болон уламжлалт бус газрын тосны хөрөнгө оруулалт болон бизнесийн орчны өрсөлдөх чадвар нь олон улсын дундаж түвшнээс дээгүүр хэвээр хадгалагдана.

– Гэрээлэгч ашиглалтын үед орон нутагтай байгуулах хамтын ажиллагааны гэрээнд заасны дагуу өөрт ногдох газрын тос, уламжлалт бус газрын тосны орлогоос орон нутаг хөгжүүлэх санд төвлөрүүлж болно.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж