“Бэлчээрийн газрын тулгамдсан асуудал”-аар хэлэлцлээ

Хуучирсан мэдээ: 2014.05.29-нд нийтлэгдсэн

“Бэлчээрийн газрын тулгамдсан асуудал”-аар хэлэлцлээ

    Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Газрын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн хүрээнд “Бэлчээрийн газрын тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан, тус хорооны гишүүд, эрдэмтэн, судлаач, МУИС, ХААИС-ийн багш нар, Хэнтий, Дархан-Уул аймгийн малчид оролцлоо. Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын Байгаль, орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан нээж үг хэлсэн юм. Харин “Бэлчээрийн талаар баримталж буй бодлого, эрх зүйн орчин, тулгамдаж буй асуудлууд” сэдвээр ҮХААЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л.Чой-Иш, “Бэлчээр ашиглаж ирсэн түүхэн уламжлал ба сургамж” сэдвээр Хөдөө аж ахуйн ухааны доктор, профессор С.Жигжидсүрэн, “Өвөр Монголын нутаг бэлчээрийн ашиглалтын дүрмийн хувьсгалт ба үр дүн”-гийн талаар БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөх хотын Багшийн их сургуулийн доктор, профессор Хайшаан, “Бэлчээрийн малын экологийн зохистой нутаг”-ийн талаар МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор, профессор Г.Нямдаваа нар илтгэл тавьж хэлэлцүүллээ.



    Малын бэлчээрийг хамгаалах асуудал жилээс жилд хурцаар тавигдаж байна гэж хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байна. Бэлчээрийг хамгаалахын тулд даацыг үл хэтрүүлэх, бэлчээрийн ургамлыг таслаж идүүлсний дараа түүнд нөхөн төлжих хугацаа тавьж өгөх, бэлчээрийг сэлгэх гэсэн бэлчээр ашиглах алтан дүрэм байдгийг С.Жигжидсүрэн доктор илтгэлдээ дурьдлаа.

Бэлчээрийг хамгаалахын тулд малын тоо, толгойг цөөлөх, хээлтэгчийн хувийн жинг нэмэгдүүлж, өсвөр бага насны малын борлуулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн юм. ҮХААЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л.Чой-Иш малчдын өвөлжөө, хаваржааны бэлчээрт ашигт малтмал олборлож байгаа компаниуд тэдэнд нөхөн олговор олгохгүй хохироодог гэж байлаа.

    Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас бэлчээрийн менежментийн чиглэлээр нэлээдгүй ажил хэрэгжүүлж байгаа бөгөөд цаашид малчдад бэлчээрийг нийтээр ашиглуулахтай холбогдсон эрх зүйн орчныг боловсронгуй болгох, уул уурхайн улмаас өвөлжөө, хаваржааны бэлчээргүй болж хохирсон малчдад олгох нөхөн олговорын хэмжээг тодорхой тогтоож хохирлыг барагдуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай гэж үзэж буй ажээ. Энэхүү хэлэлцүүлэгт ирсэн хүндтэй зочин нь Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөх хотын Багшийн их сургуулийн доктор, профессор Б.Хайшаан байлаа.

Тэрээр Өвөр Монголд дахь бэлчээрийн хомсдол үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, санал солилцсон нь хэлэлцүүлэгт оролцогчдын анхаарлыг ихээхэн татсан юм. Бэлчээрийн газрыг мал аж ахуй эрхлэгчдэд хуваан олгож өгсөн нь том алдаа байсан гэлээ. Тэрээр “Бэлчээрийн газрыг нэг бүрчлэн өгч малчид өөрийн эзэмшлийн газраа тор татаж хязгаарласан. Зарим малчдад хаваржааны газар, эсвэл өвөлжөө таарч байх жишээтэй. Гэтэл нэг хаваржааны газар дээрээ жилийн дөрвөн улиралд малаа идээшлүүлж байгаа нь бэлчээрийг доройтуулж байна. Нэг малчин нөгөөх айлынхаа газарт малаа идээшлүүлэх боломжгүй байдаг. Үүнээс болж малчдын дунд маргаан их гардаг. Тиймээс бэлчээрийн газрыг хуваан эзэмшүүлэх бус нийтээр эзэмших ёстой” гэж байлаа. Хэлэлцүүлэгт оролцогсод малын бэлчээрийг хамгаалахад төрөөс зохицуулалт хэрэгтэй байгаа гэдэг дээр санал нэгдсэн юм.

 

Б.БАТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж