Уул уурхайн сайд Д.Ганхуяг өчигдөр болсон Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр дахин нэг мэдэн будилав.
Байнгын хорооны хуралдаанаар Цагаан суваргын ордын 34 хувийг төрийн мэдэлд авах уу, үгүй юу гэдгийг хэлэлцэж, төр мэдэлдээ авах нь зүйтэй гэж гишүүдийн олонхи нь үзсэн. Үүний тулд Засгийн газраас 350 сая ам.доллар гаргах хэрэгтэй болно. "Энэ их мөнгө Засгийн газарт байгаа юм уу, яаж олох юм бэ" гэсэн асуултад эрхэм сайд "Сангийн яам гэж нэг сайхан газар байна шүү дээ" хэмээн хэнэг ч үгүй хариулж харагдсан. Тэрбээр Уул уурхайн сайдын суудалд суусан цагаасаа эхлэн хэл ам дагуулж, олны дургүйг хүргэсэн нь цөөнгүй. Монгол Улсын стратегийн салбар болох Уул уурхайн яаманд өөрийн "Бридж" группын ажилтнуудыг шургуулсан, уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтын ажлуудыг гацаасан зэрэг шүүмжлэл бүхний хариуд эрхэм сайд мэдэн будилаад л өнгөрдөг зуршилтай гэхэд болно. Үүнээс гадна түүнийг ашиг сонирхлын зөрчилтэй сайд гэлцдэг. Түүний байгуулсан "Бридж" групп нь түгээмэл тархац бүхий ашигт малтмалыг сүүлийн үед ихээр олборлох болсон. Үүнтэй холбоотойгоор эрхэм сайдыг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг боловсруулсан гэж улс төрийн хүрээнийхэн харддаг. Энэ бүхнээс нь болоод ч тэр үү УИХ дахь Ардын намын бүлгийнхэн түүнийг огцруулахаар санал нэгдсэн сураг дуулдсан. Ямартай ч эдийн засгийг 100 хоногийн дотор эрчимжүүлэх "тэнсэн"-тэй яваа Уул уурхайн сайд Д.Ганхуяг суудалдаа үлдчих санаатай байгаа нь дамжиггүй. Харамсалтай нь санаатай болон санаандгүй байдлаар бүх асуудалд мэдэн будилсан байдлаар хандсаар байх юм бол сайдын зөөлөн сэнтий хатуудах л болов уу.
Р.САРАНГОО