Гэмт хэргийн хуулийг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2014.05.29-нд нийтлэгдсэн

Гэмт хэргийн хуулийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Гэмт хэргийн тухай хуулийг хэлэлцэж байна. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хуулийн төслийнхөө талаар гишүүдийн асуултад хариулт өгч, тайлбар хийж байгаа юм. Уг хууль нь шоронжсон бодлогоос татгалзах, гэмт хэрэг зөрчлийг ялгах, хариуцлагыг үйлдсэн хэрэгт нь тааруулан оногдуулах, хүүхдийн эсрэг хүчирхийллийн хариуцлагыг чангалах, гүтгэлэг, доромжлолыг иргэний хуулиар шийдэх зэрэг шинэлэг зохицуулалтууд агуулсан бөгөөд одоо үйлчилж буй Эрүүгийн хуулийг нэрнээс нь эхлээд үзэл баримтлалын хувьд өөрчилж буй юм.

Асуулт хариултын үеэр З.Баянсэлэнгэ гишүүн “Мөрийтэй тоглоом тоглох, зохион байгуулахыг өмнө нь гэмт хэрэг гэж үздэг байсан. Одоо бол зөрчил гэж авч үзэх юм байна. Одоо яг ийм хэргээр гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг яах юм бэ. Албан тушаалтнууд нь зүгээр өнгөрдөг, цэнгээний газарт найз нөхдөөрөө тоглосон хэдэн хүн буруудчихаж байна” гэсэн бөгөөд үүнд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Энэ хууль батлагдсан өдрөөр үйлчилнэ. Эрүүгийн хуулийн буцаан хэрэглэх зарчмаар үйлдсэн хэрэгт нь ногдох ял хөнгөрч байвал хөнгөлж, хүндрүүлэхээр байвал өмнөх эдэлж байсан хариуцлагыг нь хэвээр л байлгана” гэж хариулав.

Уг хуульд мөнгөн хариуцлагыг тооцооны нэгжээр тооцохоор заасан бөгөөд үүнийгээ гишүүдэд ойлгуулах гэж нэлээд хэдэн тайлбар хийв. Хуулийн төсөлд аливаа гэмт үйлдэл хийсэн этгээдэд ногдуулах мөнгөн хариуцлагыг тооцох нэгжээр ногдуулахаар тусгажээ. Жишээ нь,  Шүүгчид нөлөөлөхийг оролдсон нь тогтоогдсон бол хувь хүнд 50 тооцох нэгж, аж ахуй нэгжид 500 тооцох нэгжээр торгоно гэж зааж.  Өмнө үйлчилж буй хуульд шүүгчид нөлөөлсөн бол ногдуулах хариуцлага нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг бөгөөд шинэ хуулийн төслөөр ийн тооцох нэгж буюу төгрөгийн тухайн өдөрт бусад валюттай харьцах ханшаар торгохоор болж буй юм. Хуулийн төслийг оруулж ирсэн ажлын хэсгийнхний тайлбараар төсөлд хариуцлагыг ногдуулахдаа төгрөгөөр гэж заах уу, эсвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр торгох уу, тооцох нэгжээр торгож байх уу хэмээн судалсны эцэст тооцох нэгж нь илүү хариуцлагын нөлөөтэй хэмээн үзэж. Хэрэв төгрөгөөр тооцож хариуцлага тавьбал хэдэн жилийн дараа л хуульд тавьсан төчнөөн төгрөгийн торгуулийн үр нөлөө нь үнэ цэнэгүй болох ч боломжтой гэнэ.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж