“Моханик&#34 байгалийн хэмнэлээр аялуулна

Хуучирсан мэдээ: 2014.05.29-нд нийтлэгдсэн

“Моханик&#34 байгалийн хэмнэлээр аялуулна

“Моханик” хамтлагийнхан өөрсдийн шинэ цомгийнхоо нээлтийг өнөөдөр буюу тавдугаар сарын 29-нд “Glamour” арт галерейд хийлээ. “Моханик Амарбаясгалантад” цомог нь "Моханик хүрэх аялал" төслийн нэгээхэн хэсэг бөгөөд 2011 оны есдүгээр сараас  тэд хөгжмийн өнгө аяс, дуугаралт, дуу чимээг эрэлхийлсэн аялалд гарчээ. Тэд энэхүү аялалынхаа явцад олж авсан, нээсэн хэмнэл, дуу чимээ, хөгжмийн шинэ өнгө аясыг өөрсдийн шинэ бүтээл “Моханик Амарбаясгалантад” нэртэй цомогтоо оруулж өгчээ.

Уг цомгийн нээлтийн үеэр “Моханик” хамтлалгийн ахлагч У.Даваажаргалтай ярилцлаа.

-Яагаад Амарбаясгалант хийдийг цомогтоо онцлов?

-Энэ цомог маань гурван жилийн туршид хийгдсэн бүтээл л дээ. Хамтлаг өөрөө яаж төлөвшиж, хөгжих ёстой вэ, өөрсдийн хөгжмийн шинэ өнгө аясыг хэрхэн тодорхойлж болох вэ гэдэг зүйлийг эрэлхийлсний үндсэн дээр манай хамтлагийнхан аялал хийхээр болж, Монгол нутгаараа аялал хийсэн. Шинэ бүтээл маань байгальтай ойр, Монгол, нүүдэлчин өнгө аясыг агуулсан байгаа. Гэхдээ зөвхөн Монголд нүүдэлчид байдаггүй шүү дээ, өөр газрууд ч бий. “Моханик Амарбаясгалантад” цомогтоо бид нүүдэлчдийн өнгө аясыг мэдрүүлэхийг хичээсэн. Тиймээс цомгоо студид бичүүлэх тохиромжгүй санагдаад, байгальд бичих санаа төрсөн. Дуунууд маань байгаль дэлхий, хүний дотоод ертөнцийн тухай илэрхийлэх учраас хамгийн тохиромжтой нь “Амарбаясгалант” хийд байсан. Цомгийнхоо дуунуудыг Амарбаясгалант хийдэд очиж бичээд, дараа нь “Нэгүн” студийнхэнтэй хамтарч бичлэгэн дээрээ ажилласан байгаа.

-Хэр удаан хугацаанд аялсан бэ? Мэдээж өөрийн гэсэн онцлогтой газруудыг сонгосон болов уу?

-Бичлэг хийгдэхээс сарын өмнө аялалдаа гарсан. Нар зөв тойрч аялаад төгсгөлд нь “Амарбаясгалан” хийдэд, жинхэнэ байгалийн амьд студид байрлаж, гол ажлаа амжуулснаар аяллаа дуусгасан.

-Миний ажигласнаар цомгийн нээлтийн үйл ажиллагаа гэхээсээ илүү үзэсгэлэн гаргаж байгаа юм шиг сэтгэгдэл төрлөө…?

-Яагаад цомгийнхоо нээлтийг гэрэл зургийн үзэсгэлэнтэй уялдуулсан бэ гэхээр сонирхож ирсэн хүмүүстэйгээ илүү ойр байх гэсэн санаа л даа. Сонсож үзэхийг хүссэн хүмүүс маань илүү үнэ цэнэтэйгээр, төсөөлөлтэйгөөр шинэ бүтээлүүдийг маань сонсоосой гэж хүссэн учраас өнөөдрийн үзэсгэлэнг зориулж бэлдсэн. Зургадугаар сарын 15-аас эхлээд “Blue moon” арт галерейд энэ үзэсгэлэн маань албан ёсоор гарна.

-Үзэсгэлэнд тавигдсан фото зургуудыг худалдаж авах боломжтой юу?

-Тэр талаар төлөвлөөгүй. Хэрвээ сонирхсон хүмүүс хүсэлт тавих юм бол яагаад болохгүй гэж.

 Э.ТЭКҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж