“Номын ертөнц” нэвтрүүлгийн редактор Б.Сувдтай ярилцлаа.
-Энэ удаагийн номын баярын онцлог болон номын баярын тухай ерөнхий мэдээлэл өгнө үү.
-Номын баярын гол зорилго бол номын салбарын идэвхитэй байдлыг хадгалахад оршдог. Жил ирэх тусам л хамрах хүрээг нь нэмэгдээсэй гэж хүсч, тогтмол хугацаанд зохион байгуулахыг зорьж байна. Энэ хаврын номын баяр 2014-р оны 05-р сарын 29, 30-ны өдөр Битзлийн талбайд зохион байгуулагдаж байна. Номын баяртаа тогтмол оролцдог ахмад уран бүтээлчид, зохиолч, орчуулагч, ном эрхлэн гаргагчид болон хэвлэлийн газрууд олон шинэ номоо дэлгэн сонирхуулж, хямдралтайгаар худалдан борлуулна.
-Номын баярын ач холбогдлыг хэрхэн дүгнэж байна.
-Үр дүнтэй, өндөр ач холбогдолтой арга хэмжээ гэж боддог. Ялангуяа телевизийн уран бүтээлчид бид нийгмийг соён гэгээрүүлэх, гэрэл гэгээтэйд уриалан дуудаж, олон нийтийг дагуулж явах ёстой хүмүүс. Ингэж үзэж буй учраас ямар ч бэрхшээл саад тохиолдож байсан ч тасралтгүй зохион байгуулах шаардлага хэмээн үзэж хийсээр ирлээ. Номын баярт оролцогчид маань ч жилээс жилд нэмэгдэж, олон ном бүтээл төрөх болсон, зохиолчид маань уншигчидтайгаа уулзахыг тэсэн яадан хүлээдэг болчихжээ. Нийгэмд ч ном унших үзэгдэл түгээмэл болж, залуус ном өөд тэмүүлж байна шүү дээ. Энэ бол бидний хийсэн, хийж байгаа ажлуудын үр дүн гэж бодож байна. Харин хүрэхээр зорьж буй зүйлс олон байна. Мэдээж энэ олон үр дүнтэй ажлуудын нийлбэрээр л тэр зүйлд хүрэх юм.
-Тухайлбал…
-Нэлээд хэдэн жилийн өмнө ярьж байсан “Дэлхийн номын нийслэл” цолыг би хараахан аваагүй байна. Гэхдээ авахад их ойртсон шүү. Гол нь төр засгийн дэмжлэг, зөв болоод сэтгэлтэй хүмүүсийн туслалцаа их хэрэгтэй байна. ЮНЕСКО жил бүрийн “Дэлхийн номын нийслэл”-ийг сонгон шалгаруулдаг. Анх Мадридын ном хэвлэгчдийн санаачлагаар 2001 онд энэ шалгаруулалт эхэлсэн байдаг. “Дэлхийн номын нийслэл”-ээр Аргентиний Буэнос-Айрес, Армены Ереван, Тайландын Бангког, Италийн Турин, Энэтхэгийн Дели хот хэдийнээ тодорчээ. Харин 2015 оны номын нийслэлээр Өмнөд Солонгосын Инчион хот тодорсон байна. Оюуны болоод номын өндөр соёлтой бид яагаад Улаанбаатар хотоо дэлхийн номын нийслэл болгож болохгүй билээ. Мөн олон улсын номын баярыг нийслэл хотдоо зохион байгуулж, олон монгол зохиолчийн бүтээлийг олон улсын зах зээлд гарган оюуны бүтээлээ экспортломоор байна шүү.
-Ном сонирхогчид болон зохиолчид мөн холбогдох яам тамгын газраас номын баярт ямар байр суурьтай оролцдог вэ?
-Номын салбарынхан маань их идэвхитэй оролцдог шүү. Үнэхээр сэтгэлтэй. Харин төр засгаас дэмжээд өгдөг бол бүүр сайнсан. Нам улс төрийн сонгууль мэтээр хандах ч тохиолдол байх юм. Тиймэрхүү хандлагаас энэ гэгээн ертөнцийг хол байлгах гэж, нэг удаагийн шоуны арга хэмжээ болгочихгүй гэж их хайрлаж, хамгаалж ирсэн. Харин энэ удаагийн баярт ССАЖЯам дэмжихийг их хүссэн ч улсын төсөв дууссан гээд бас л болсонгүй. Цаашид дэмжиж, хамтран ажиллана гэдэгт итгэж байна. Харин хамт олон болон манай гэр бүлийнхэн маань ямар ч мөнгө төгрөгнөөс илүүтэйгээр бидэнд гар бие, сэтгэл зүрхээрээ үргэлж тусалсаар ирсэн. Тиймээс номын баяр ямар ч үед тасалдахгүй явагдсаар ирсэн нь тэдний маш том дэмжлэг тус юм. Шаардлагатай үед дэмжиж зарим үед тусалж байгаа хүмүүсийг ч энд хэлэхгүй бол болохгүй. Ялангуяа орчуулагчлын эвлэлийн ерөнхийлөгч О.Чинбаяр, “Төрт ёс хаадын сан”-ийн тэргүүн Д.Гүн-Үйлс, орчуулагч Ц.Донзой, сэтгүүлч Б.Нямдорж, Монгол улсын худалдааны гавъяат ажилтан А.Шагдарсүрэн, зохиолч Б.Шүүдэрцэцэг, СУИС-ийн СИС-ийн захирал, доктор, профессор Г.Сүхбат нарт тусгайлан талархсанаа хэлье ээ.
-“Номын соёлт ертөнц” ТББ ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?
-Манай байгууллага нь залуусын үүсгэл санаачлагаар байгууллагдсан ном, зохиол бүтээлүүдийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлдэг байгууллага юм. Уншигчид, ном бүтээгчдийн амьд харилцааг бий болгох зорилгоор үндэсний хэмжээний “Номын баяр”-ыг 14 удаа, “Номын ертөнц” нэвтрүүлгийн 360 гаруй эфир, “Номын бэлэг” аянг жил бүр, “Ном бол…” сэтгүүлийг эрхлэн гарган үнэгүй тараахын сацуу номын хандивын үйл ажиллагаа, номтой холбоотой танин мэдэхүйн 100 гаруй нийтлэл, нэвтрүүлэг, номын тухай лекц, клуб уулзалт зэрэг үйл ажиллагааг ес дэх жилдээ зохион байгуулсаар байна.
-Манайхан нэг үеэ бодвол уншигч суралцагч ард түмэн болсон санагддаг. Яг энэ хүрээнд байгаа хүний хувьд, энэ тухай ямар дүгнэлттэй байдаг вэ?
-Маш сайн байгаа гэж хэлнэ. Номын дэлгүүр, номын сангуудаар явж байхад ялангуяа хүүхэд залуучууд түлхүү ном сонирхож, уншиж байна. Дээрээс олон номын сан, номын дэлгүүр, номын кафе нээгдлээ. Хамгийн сүүлд л гэхэд Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын байранд хүүхэд залууст зориулсан орчин үеийн шинэлэг, тохилог “НОМЫН ХОРХОЙ” номын сан үүд хаалгаа нээгээд байна. Энэхүү номын сан нь үйлчлүүлэгчиддээ шинэ үеийн болон хуучны шилдэг ном, сэтгүүл, цахим номоор үйлчлэх боломжтой. Viva city хороололд “Бяцхан мэргэд” хүүхдийн номын сан, зуун айлд шинээр "Coffee, Bookhouse", Гурван гал дэлгүүрт “Хаан судар” номын дэлгүүр нээгдсэн гээд олныг нэрлэж болохоор байна шүү. Мөн фэйсбүүкт номын 30 гаруй групп, клуб үйл ажиллагаагаа явуулж байна. Ном өөд гэсэн энэ олон залуусын давалгааг зөв чиглүүлж өгөх нь чухал гэж бодон хийж байгаа ажил бүртээ үлгэр дуурайлал болж түүчээлэхийг зорьж байна. Би түрүүн хэлсэндээ, уран бүтээлчид бид нийгмийг соён гэгээрүүлэх, гэрэл гэгээтэйд уриалан дуудаж, олон нийтийг дагуулж явах ёстой хүмүүс гэж. Нийгэмд гэгээ тусгадаг хүмүүс шүү дээ бид. Инээв Юутай ч залуус цаг заваа зөв зарцуулах газар алга гэхээргүй болж байна. Хүсэл байгаад зүтгэл, сэтгэлтэй бол ном уншаад суух олон газар байгаа шүү.
-Сайхан зүйлд тэмүүлж, хийж бүтээж байгаа танай хамт олонд өндөр амжилт хүсье.
-Баярлалаа. Уншигчдыг номын баяртаа өргөнөөр оролцохыг урьж байна. Үргэлж урамын үг хайрлаж, тусалж дэмжиж байдаг номын салбарынхандаа талархсанаа хэлье. Танай хамт олонд ч ажлын өндөр ажмилт хүсье.
Ном бол бүтээлч сэтгэлгээний эх булаг.
“Номын ертөнц” нэвтрүүлгийн редактор Б.СУВД