Казахстаны Астана хотноо дугуйн насанд хүрэгчдийн 34 дэх, залуучуудын 21 дэх удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Энэ сарын 21-нд эхэлсэн Азийн аварга шалгаруулах тэмцээнд БНХАУ, БНСУ, Япон, Катар, Тайланд, Монгол Улс зэрэг Азийн 41 орны тамирчид ойрын болон холын зайд эрэгтэй 10, эмэгтэй есөн төрөлд өрсөлдөж байна.
Монгол Улсыг төлөөлөн Гавьяат тамирчин Ж.Өлзий-Орших, Ч.Болдбаатар, Ж.Даваатогтох нарын дасгалжуулагчаар удирдуулсан эмэгтэй хоёр, эрэгтэй 11 тамирчин Азийн аваргад өрсөлдөж байгаагаас ОУХМ Т.Энхжаргал хүрэл медаль хүртээд байна. Тэрээр эмэгтэйчүүдийн цуваа гараатай 28 км-ын уралдаанд гуравдугаар байрт шалгарчээ. Т.Энхжаргал өнгөрсөн жил Энэтхэгт болсон Азийн аваргад энэ зайдаа түрүүлж, манай улсын түүхэн дэх тивийн аварга анхны дугуйчин болсон юм.
Тэмцээний хуваарь ёсоор сүүлийн өдрүүдэд эрэгтэй, эмэгтэй холын зайн уралдаанууд үлдээд байна. Тэмцээн ирэх ням гаригт буюу зургаадугаар сарын 1-нд өндөрлөнө.
Ч.БОЛОР