-МҮЭХ Оюутолгой компани 300 ажилтнаа халж байгааг шүүмжилж, хэлэлцээ хийхийг шаардлаа-
“Оюутолгой” ХХК өчигдрөөс 300 ажилтнаа цомхотгож эхэлсэн. Одоо үүсээд буй эдийн засгийн хүндрэл болон дэлхийн зах зээл дэх түүхий эдийн ханшийн уналттай холбоотойгоор цомхотгол хийх шаардлагатай болсон гэсэн тайлбараас өөр зүйл хэлэхгүй байгаа Оюутолгой компанийн талаар ирэх аравдугаар сард дахин цомхотгол хийх талаарх мэдээлэл ч тарсан.
Үүнтэй холбогдуулан өнөөдөр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо /МҮЭХ/-ноос хэвлэлийн бага хурал хийлээ. Хуралд МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн С.Ганболд нар оролцсон юм.
“Оюутолгой” ХХК нийт 300 ажилтныг цомхотгохоор 20 хоногийн өмнөөс мэдэгдэж, өчигдрөөс эхлүүлсэн. Үүний 60-70 хувь нь захиргааны ажилтнууд гэсэн мэдээлэл дуулдсан бол цомхотголд орсон нэгэн ажилтны хэлж буйгаар ихэнх нь Оюутолгой компанийн туслан гүйцэтгэгч компанийн ажилтнууд ажээ. Мөн үндсэн ажилтнаасаа халахаас гадна өөр алба хэлтэст шилжүүлэх арга хэмжээ ч авч буй юм байна. Ийнхүү зөрүүтэй мэдээлэл гадуур их байгаа бөгөөд “Оюутолгой” компани одоохондоо эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор Хөдөлмөрийн хуулийн дагуу тэтгэмжийг шийдэж өгч цомхотгол хийх тайлбар өгсөн. Харин нийт хэдэн ажилтнаасаа хэдийг нь ажлаас нь чөлөөлж, үүний хэд нь аль алба хэлтсийнх байх вэ гэдэг талаар албан мэдээллийг өгөөгүй байгаа юм.
Тэгвэл Үйлдвэрчний эвлэлийн холбооныхон үүнд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлж, олон хүнийг хоморголон цомхотгож байгаа нь Хөдөлмөрийн хуулийн заалтад үндэслэсэн ч бусад эрх зүйн актыг зөрчсөн гэж үзэж байна. Өнөөдрийн хурлын үеэр МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Оюутолгой компани эдийн засгийн хүндрэлийн үед ч гэсэн 300 орчим ажилтанг ажлаас халж байгаа бол Үйлдвэрчний эвлэлийн холбоонд мэдээлж, зөвшилцөх ёстой. Гэтэл бидэнд ямар ч мэдээлэл өгөлгүй ийм том шийдвэр гаргаж, олон хүнийг ажилгүй болгож байгаа тул бидэнтэй хэлэлцээний ширээний ард суухыг Оюутолгой компаниас хүсч, мөн шаардаж байна” гэсэн юм.
Энэ талаар Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн С.Ганболдоос тодрууллаа.
-Ажилтнаа цомхотгож байгаа нь Хөдөлмөрийн хуулийг зөрчөөгүй гэж албаныхан тайлбарлаж байсан. Харин бусад ямар эрх зүйн актыг зөрчиж, ажилтнуудыг хохироож байгаа юм бэ?
-Ер нь ажлаас хална гэдэг бол ажилтанд авч буй сүүлийн арга хэмжээ. Гэтэл Оюутолгой компани Үйлдвэрчний эвлэлтэй зөвшилцөлгүй 300 ажилтныг халах нь Хөдөлмөрийн хуулийн 40.1-ээр үндэслэл болгож байгаа ч Үйлдвэрчний эвлэлийн эрх зүйн актыг зөрчсөн хэрэг. Одоог хүртэл Оюутолгой компани бидэнд албан ёсны мэдээлэл өгч, зөвшилцөөгүй нь байна. Ийм том шийдвэрийг гаргахдаа Оюутолгой уян хатан байж болохгүй гэж үү. Ажлаасаа гарч байгаа олон хүний цаана ар гэр нь байна, орлогогүй болсноор амжиргаа нь хэцүүдэхэд хүрнэ. Мөн ажил хийж буй бараг хүн бүр одоо цалингийн зээлтэй. Энэ хүмүүс яах билээ. Тиймээс бидэнтэй уулзаж, өөр арга замаар шийдвэрлэж болох эсэх талаар ярилцахыг бид шаардаж байна. Мөн эдгээр 300 хүний хэд нь үндсэн, туслан гүйцэтгэх компанийх, хэд нь аль алба хэлтсийх гэдгийг нээлттэй зарлаж өгөхийг хүсч байна.
-Эдийн засгийн хүндрэлээс болж цомхотгож байгааг өөр ямар аргаар шийдэх боломжтой гэж үзэж байна вэ?
-Оюутолгой ажилтнууддаа зуны хугацаанд амралт өгч, есдүгээр сард далд уурхайн санхүүжилт орж ирэхэд буцааж ажиллууллах байдлаар шийдэж болно. Эсвэл өөр орон тоонд, өөр компанид хуваарилж, түр ч гэсэн бүтцийн өөрчлөлт хийх зэрэг олон арга зам бий шүү дээ. Уул уурхайн хэдхэн ажилтантай компани хүртэл хүнд байдалд орсон ч ажилтнуудаа халахгүй зохицуулаад байхад ийм том компани бусдадаа үлгэр дууриалал үзүүлж, нийгмийн хариуцлагаа эрхэмлэн ажлаас халахаас өөр арга хэмжээ авч болно шүү дээ.
Ийнхүү “Оюутолгой” компанид шаардлага тавьж буй Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо энэ асуудлаар Уул уурхайн яам, Хөдөлмөрийн яамтай хамтарсан ажлын хэсэг байгуулж, хүмүүсийг хохироохгүй байх арга хэмжээ авах саналтай байгаа ажээ. Мөн яг ийм асуудлаар ажлаасаа халагдсан, цомхотголд орсон хүмүүсийг МҮЭХ-нд хандан ирэхийг уриаллаа.
У.БОЛОР