УИХ-ын цахим хаягийг эх хэлээрээ ашиглах боломжтой болно

Хуучирсан мэдээ: 2014.05.29-нд нийтлэгдсэн

УИХ-ын цахим хаягийг эх хэлээрээ ашиглах боломжтой болно

Улсын Их Хурлын цахим хаягийг эх хэлээрээ ашиглах боломж өнөөдөр /2014.05.29/ нээгдэх гэж байна. Монголд анх удаа цахим хаягийг эх хэлээрээ буюу кирилл үсгээр ашиглах үйлчилгээг “Датаком” ХХК нэвтрүүлэв. Төрийн байгууллагууд болон Оюуны өмчийн гэрчилгээ эзэмшигч байгууллага, хувь хүмүүсийн домэйн нэрийг бүртгэж эхэлсэн бөгөөд  цахим хаягийг эх хэлээрээ ашиглах үйлчилгээ  юун түрүүн Улсын Их Хуралд  нэвтэрч байгаа юм.

“Датаком” ХХК нь УЛСЫН-ИХ-ХУРАЛ.МОН, УИХ.МОН, МОНГОЛ-УЛСЫН-ИХ-ХУРАЛ.МОН, МУИХ.МОН, ПАРЛАМЕНТ.МОН, НЭЭЛТТЭЙ-ПАРЛАМЕНТ.МОН, ИХ-ХУРАЛ.МОН, ХУРАЛ.МОН гэсэн найман домэйн нэрийг ашиглалтанд оруулан өнөөдөр /2014.05.29/ 15:00 цагт УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарт хүлээлгэн өгөх юм.

Төрийн байгууллагуудын нэрсийг бүртгэх ажил явагдаж байгаа бөгөөд интернэтийн хөтөч програм дээр УИХ.МОН вэб хаягийг кирилл үсгээр бичихэд ямар нэгэн нэмэлт програм суулгалгүйгээр вэб нь шууд ажиллах боломжтой юм.Интернэт технологийн шинэ үе болох IDN (Internationalized Domain Name) буюу улс орон бүр өөрийн эх хэлээр дотооддоо домэйн нэр бүртгэх боломж бүхий энэхүү технологи нь Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн төдийгүй Интернэтийн Олон улсын байгууллагын зөвшөөрөлтэйгээр албан ёсоор нэвтэрч буйг “Датаком” ХХК-аас мэдээлэв.

2014 оны 10 дугаар сарын 15-наас өмнө бүх Төрийн байгууллагууд интернет хаягийг  эх хэлээрээ ашиглах үйлчилгээнд шилжих бөгөөд дараа нь хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллагуудад  албан ёсоор нээлттэй болно хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж