Гэмт хэргийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.05.29-нд нийтлэгдсэн

Гэмт хэргийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэмт хэргийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хууль зүйн сайдын тодотгосноор хорихоос өөр төрлийн ялуудын үр нөлөөг дээшлүүлэхэд ач холбогдол өгч Гэмт хэргийн тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Ингэснээр ял оноох байдлаар хариуцлага хүлээлгэх биш албадлагын арга хэмжээ авах тал руу оруулсан. Энэ нь зорчих эрхийг нь хязгаарлах, сургалтад хамруулах, эмчлэх зэрэг хэд, хэдэн төрлийн шийтгэл ногдуулахаар төрлийг нэмэгдүүлж өгчээ. Тэр дундаа насанд хүрээгүй хүүхдэд ял ногдуулах бол насанд хүрэгчдэд оногдуулдаг ялаар шийтгэхгүй байх эрх зүйн зохицуулалтыг тусгай бүлэг болгон зааж өгснөөрөө онцлогтой аж. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд насанд хүрээгүй хүүхдэд насанд хүрсэн хүний нэгэн адил ял ногдуулдаг аж. Тодруулж хэлбэл, дээр дурдсан төрлүүдээр насанд хүрээгүй хүүхдэд шийтгэл ногдуулах эрх зүйн зохицуулалт илүү баталгаажиж буй юм байна.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Гэмт хэргийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулиар зөрчлийн шинж чанартай хэрэг хийчихээд гэмт хэргээр яллуулж олон залуус хохирч байгааг шийдвэрлэх энэрэнгүй хууль” гэж тайлбарлаж байгаа. Хуульчидтай ярихаар онц, хүнд, хөнгөн гэмт хэргийн төрлүүд байхгүй болохоор прокурор, шүүгч нарын үзэмжээр хэрэг шийдэх эрсдэл үүсэх вий. Хоёрдугаарт, санаатай болон санамсаргүй үйлдлийн улмаас компанид хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагч хэрэгт татагдахад компанийг нь татан буулгах мөн төрд авна гэсэн заалт оруулсан нь эсрэгээрээ хувийн өмчид халдсан, хөрөнгө оруулах эрх ашгийг хөндсөн хатуу заалт болж хувираад байна” гэлээ.

Үүнд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Одоо үйлчилж байгаа хуулиар гэмт хэрэгт холбогдолгүй хүний эд хөрөнгийг хурааж битүүмжилдэг. Тэгвэл энэ хуулийн хүрээнд үүнийг хориглоно. Харин хууль зөрчиж олсон орлого, хөрөнгийг ялаар биш албадлагын арга хэмжээгээр хураан авна. Хурааж авсан эд хөрөнгийг хохирол барагдуулахад зарцуулна” гэж тайлбарлалаа. Мөн олон улсад амлалт авсан терроризмыг санхүүжүүлсэн байвал компанийг нь татан буулгана. Үзэмжээр хэрэг шийтгэдэг гэх асуудлын тухайд хууль тогтоогч “Үзэгдэл аюултай юу” гэдгийг шийдэх боломжтой болж өөрчлөгдөж байгаа гэлээ.

Мөн эл хуулийн төсөлтэй холбоотойгоор хөндөгдсөн нэг асуудал нь зөвшөөрөлгүйгээр зураг авсан бол гэмт хэрэгт тооцож, торгуулах, нэг жил хүртэл ял ногдуулахаар заасан байна. Энэ нь орон сууц, орон сууцны гаднаас зөвшөөрөлгүй зураг авбал хууль зөрчсөнд тооцогдоно гэсэн хэлбэрээр суусан юм байна. Үүнийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Хэвжурам сахиулах гэх мэтчлэн техникийн хяналтыг сайжруулахтай холбоотойгоор энэ заалтыг хийхээс аргагүй. Цагдаагийн албан хаагч айлын гэр лүү ороод гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа юм шиг таныг нүцгэн байхад зураг авбал хүний эрх зөрчигдөх учраас энэ заалтыг Гэмт хэргийн тухай хуульд хийхээс аргагүй байсан гэж тайлбарласан юм. Харин УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Хуулийн төсөлд “Зөвшөөрөлгүй зураг авсан тохиолдолд торгоно гэж зааж… Хэрвээ олон нийтэд тараасан бол торгууль нэмэгдэнэ, хорих ялын хэмжээ нэг жил болох нь. Байранд гэмт хэрэг гарсан бол сэтгүүлчид зөвшөөрөл авах гээд гүйж явах боломжгүй. Хоёрдугаарт, дэлхийн дахинд папараци хүчтэй хөгжиж байна, аливаа үйл явдлыг камерт үлдээх нь гэрэл зурагчид операторуудын өөрийнх нь мэргэжлийн үүрэг. Эл заалт хуульд ийм байдлаар сууж батлагдвал хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хаана гэв.

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Оператор, сэтгүүлч айл руу эзний зөвшөөрөлгүй орвол орон байранд халдсан хэрэг болно. Зөвшөөрөл авсан бол киногоо хийнэ үү, нэвтрүүлгээ хийнэ үү эрх нээлттэй. Нийтийн эзэмшлийн газар ч хэнийхээ зураг авна нээлттэй. Харин танай хүүхэд гэртээ нүцгэн гүйж байтал зөвшөөрөлгүйгээр зураг авчихаад олон нийтэд тараах, эсвэл таныг хайртай хүнтэйгээ байж байтал цагдаагийн хяналтын камераар зураг татаад тараагаад байвал танд таалагдах уу. Үүнийг хуульчлах шаардлага үүсч байна” гэв.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Хэвлэлийнхний хувьд хүний орон байр луу зөвшөөрөлгүй нэвтрээд зураг авсан тохиолдол байхгүй. Хуулийнхан харин тэгдэг байх. Ер нь бол энэ заалт бүхэлдээ хэвлэлийнхэнд хамарах, мушгин гуйвуулах боломжийг олгож байгаа учраас та болон ажлын хэсгийнхэн анхааралдаа авах ёстой" гэлээ. Мөн хуулийн төсөлд Нийгмийн даатгалын шимтгэлээ төлөхгүй бол гэмт хэрэгт тооцогдох болж байгаа нь эдийн засгийн хүндрэлтэй үед аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг боомилсон хатуу чанга заалт болж бууж болзошгүйг тэрээр санууллаа. Эдийн засгийн өсөлт саарсан, валютын ханш чангарсан үед компаниуд ажилчдынхаа НД-ын шимтгэлийг төлөх нь байтугай цалинг нь яаж тасалчихгүй өгөх вэ гээд хүндрэлтэй тулж байгаа учраас асуудлыг хаа, хаанаа сайн нягтлах шаардлага үүсч буйг мөн анхаарууллаа.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан одоо завсарлаад байна. Үдээс хойш 15.00 цагаас чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж Гэмт хэргийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг үргэлжлүүлэн хэлэлцэж, хэлэлцэх эсэхийг шийдэх юм.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж