Ш.Түвдэндорж: Надад татгалзах эрх байхгүй
АН-ын Гүйцэтгэх зөвлөл өчигдөр хуралдаж, УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад нэр дэвшүүлсэн билээ. УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржтой уулзаж, энэ талаар ярилцлаа.
-АН-ын Гүйтгэх зөвлөлөөс таныг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар томилуулахаар нэр дэвшүүлсэн байна. Энэ талаар та байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Улс төрийн намуудын зорилго бол өөрийнхөө бодлогыг хэрэгжүүлэх шүү дээ. АН-ын төлөө явж ирсэн гишүүний хувьд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллах ёстой.
-УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний ажлыг давхар хаших нь хэр зохистой вэ. Х.Баттулга гишүүний хувьд давхар албан тушаал хашихгүй гэж үзсэн учраас сайдаасаа огцорсон шүү дээ?
-Би Хууль зүйн байнгын хорооны дарга, хуульч хүн. Одоо байгаа эрх зүйн орчноор УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний ажлыг давхар хашиж болох хуулийн заалттай байгаа. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулинд 2014 оны долдугаар сарын 1-нээс УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллахгүй байхаар намуудын санал гаргасан. Гэвч энэ хууль унасан. Харин хууль тогтоох, гүйцэтгэх засаглалыг тусад нь байлгах гэсэнтэй санал нэг байгаа. Үүнийг дэмждэг.
-Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар томилох хүний нэрийг МоАХ фракциас санал болголоо. Х.Баттулга сайд өөрийнхөө фракциас хүнээ сонгосон нь хэр зохимжтой юм бол гэж олон нийт харж байна?
-Ер нь энэ бол Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Гэхдээ фракцийн тухай ойлголт байгаа боловч сайд нарын асуудал Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн эрхийн хүрээнд яригдаж байгаа зүйл.
-Та давхар албан тушаал хашихад бэлэн гэж үзэж байна уу?
-Гүйцэтгэх зөвлөл миний нэрийг дэвшүүлж, энэ ажлыг хийж чадна гэж үзсэн. Тийм учраас би үгүй гэх эрх байхгүй.
-Та сайд боллоо гэхэд Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт хамгийн түрүүн юунд анхаарал хандуулж ажиллах вэ?
-Газар тариалан, мал аж ахуй чиглэлийг одоогийн байдлаас нь дордуулахгүй байхыг анхаарна. Сайн явж байгаа энэ салбарын ажлуудыг үргэлжлүүлнэ. Аж үйлдвэрлэл зогсонги байдалд байна. Энэ чиглэлд анхаарал хандуулах чиг харагдаж байна.
Ш.ОЧ