Сиси сонгуульд ялах нь тодорхой болов

Хуучирсан мэдээ: 2014.05.29-нд нийтлэгдсэн

Сиси сонгуульд ялах нь тодорхой болов

Египетийн сонгууль өндөрлөж, санал тоолох ажиллагаа дуусах шатандаа оржээ. Тоолсон саналын хуудасны дүнгээр ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч фельд маршал Абдель Фаттах ас-Сиси сонгогчдын 92 хувийн саналаар тэргүүлж, Египетийн төрийн тэргүүн болох нь тодорхой болж байна.  Египетийн армийн экс даргын төлөө 23.38 сая хүн санал өгөөд буй дүнтэй байгаа аж. Харин түүний эсрэг цорын ганц өрсөлдөгч “Ард түмний урсгал” намын лидер Хамдин Саббахи дөнгөж 735 мянган санал аваад байна. Үүний зэрэгцээ санал хураалтын нэгдсэн дүн гарах болоогүй байгаа ч  Абдель Фаттах ас-Сисийг дэмжигчид хэдийнэ ялалтаа тэмдэглээд эхэлжээ.

 

Египетийн ерөнхийлөгчийн сонгуульд иргэдийн оролцоо бага байснаас санал авах өдрийг сунгасан боловч ирц 44 хувьтай өндөрлөжээ. Харин өнгөрсөн 2012 оны долдугаар сард экс Ерөнхийлөгч Мухаммед Мурсийг сонгогдож байх үед санал хураалтын ирц 52 хувьтай гарч байсан байна.

 

Абдель Фаттах ас-Сиси Египетийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үеэсээ л ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байсан нэгэн юм. Тэрээр өнгөрсөн долдугаар сард ард түмний эсэргүүцэл дээр дөрөөлж, анхны ардчилсан сонгуулиар сонгогдсон Ерөнхийлөгч Мухаммед Мурсийг огцруулсан билээ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Bloomberg Business Week

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж