"Хурд"-ын Б.Наранбаатарын 4000 ам.доллартай түрийвчийг ШШГЕГ-ын ажилтан олж өгчээ
ШШГЕГ-ын нэгэн алба хаагч тавдугаар сарын 27-ны өдөр Төрийн банкны орчмоос 4200 ам.доллар, 380000 төгрөгтэй түрийвч олсон даруйдаа Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст аваачиж өгчээ.
Удалгүй түрийвчний эзэн сандарсаар тус цагдаагийн хэлтэст очиход түрийвчийг нь хүлээлгэн өгсөн байхыг хараад ихэд гайхан баярласан гэнэ. Түрийвчний эзэн “Хурд” хамтлагийн гитарчин Б.Наранбаатар байсан бөгөөд түрийвчийг нь олж өгсөн ачтанд баярласнаа илэрхийлэхээр асууж сурагласаар ШШГЕГ-ын алба хаагч н.Батзориг гэдэг залууг олж уулзжээ.
Гитарчин Б.Наранбаатарын түрийвчинд хүүхдийн эмнэлгийн тоног төхөөрөмж авах хандивын мөнгө байсан аж. Өнөө цагт ийм их хэмжээний мөнгө олоод эзэнд нь эргүүлж өгөх хүн байгаад баярламаар. Хамгийн гол нь тэр түрийвчтэй мөнгө шуналтай нэгний гарт орсон бол хүүхдүүдэд эмнэлгийн тоног төхөөрөмж авч өгөх боломжгүй болох байж. “Хурд” хамтлагийнхан сайхан сэтгэлт залууд баярласнаа илэрхийлж, өөрсдийн шилдэг дууны цомог, алтан пянзаа дурсган, тоглолтдоо урьж, хүндэтгэлийн суудалд суулгахаа амлажээ.
Ш.ОЧ