Хенрих Кайзег: “Агула” төсөл үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2014.05.29-нд нийтлэгдсэн

Хенрих Кайзег: “Агула” төсөл үргэлжилнэ

Швейцарийн хөгжимчин, хөгжмийн зохиолч Хенрих Кайзетай ярилцлаа. Тэрээр АНУ-ын Нью-Йорк хотоо төрж, 21 наснаасаа жазз, бибоп урсгалын төлөөлөгч, алдарт нарийн бүрээч Арт Фармертай хамтран хөгжмийн салбарт ажиллах болжээ. Хенрих Кайзе 1978 оноос хойш Австрийн Венийн найрал хөгжмийн хамтлагт аргил хийлчээр ажиллаж байгаа бөгөөд Монгол улс, Швейцарийн холбооны улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой Монгол дахь Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны 10 жилийн ойд зориулсан “Агула” хөгжмийн тоглолтод оролцохоор Монголд ирээд байгаа юм.

-Монголд ирсэн сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Би арван жилийн өмнө анх Монголд ирж, Эрдэнэт, Улаанбаатар хотод болсон тоглолтод оролцож байсан. Швейцарийн Хөгжлийн агентлагийн урилгаар ирж, “Эгшиглэн” хамтлагтай хамтарсан тоглолт хийж байсан юм. Эргээд арван жилийн дараа ирэхэд Улаанбаатар хот их өөрчлөгдөж, олон машинтай болж, өндөр өндөр барилгууд сүндэрлэсэн байна.

-Тэгэхээр та Монгол ардын хөгжим, дууг эртнээс мэддэг байжээ?

-Анх 12 жилийн өмнө “Эгшиглэн” хамтлагийнхантай танилцсанаар Монголын ардын урлаг, хөгжимтэй танил болсон. Тийм учраас тодорхой мэдээлэл бий.

-“Агула” тоглолтод зориулж та шинэ хөгжим зохиосон гэсэн?

-Тийм ээ. Нэг төрлийн ритм олон удаа давхацсан ч аялгууны олон давхарга гаргасан минимал стилийн хөгжим. Хэмнэлийн хувьд маш өвөрмөц баялаг. Хөөмий энэ бүтээлийн гол шигтгээ болж өгснөөрөө онцлог. 

-Та үзэгчдэд уран бүтээлээрээ дамжуулан юу мэдрүүлэхийг хүсдэг вэ?

-Би сонсогчдод хөгжмөөр дамжуулан сайхан энерги өгөхийг эрмэлздэг. Хөгжим надад маш их эрх хүч, энерги явуулдаг. Хөгжим бол миний хувьд амьдрал. Тиймээс би урлагт дуртай хүмүүс тэр хүссэн өнгө, хэмнэлийг нь дамжуулахыг хичээдэг.

-Та аялан тоглолтоор олон явдаг уу?

-Маш их. Бид янз бүрийн олон газар хөгжим тоглодог. Тэгж явахад хамгийн хэцүү нь үзэгчдийн хүлээлтийг тайлах явдал юм уу даа. Муу концерт хийвэл дараа нь сэтгэлээр унах үе гарна. Тэгэхгүй байх хэрэгтэй.

-Швейцарийн ардын хөгжмийн талаар уншигчид маань нилээд сонирхож байгаа байх. Тэр болгон тодорхой мэдээлэл байдаггүй шүү дээ?

-Өвөрмөц. Швейцарь ардын хөгжим дөрвөн өөр хөгжмийн соёлын нөлөөнд бий болж, бүрдсэн байдаг. Хүмүүс сонсч мэдэрсэн нь илүү дөхөмтэй байх. Хүсвэл та бүхэн манай тоглолтыг ирж сонирхоорой. Бид сайхан үдшийг бэлэглэх болно.

-“Агула” төслийн онцлог юу вэ. Төслийн талаар товч танилцуулбал?

-“Агула” төсөл хөгжмийн хэл нэг байдаг гэсэн санааг л харуулах гэсэн зорилготой. Швейцарь, Монгол гэсэн хоёр өөр соёлтой улс байгаа ч уран бүтээлчид бид хөгжмийн хэлээр ойлголцож, нэгдэж тоглолт хийх гэж байна. Энэ бол хөгжмийн гайхамшиг. “Агула” төслийн хүрээнд бид хамтарсан цомог гаргаж, Швейцарьт тоглолт зохион байгуулна. Бидэнд олон боломж, төлөвлөгөө бий.

-“Агула” тоглолтыг үзэх гурван шалтгаан гэвэл та юуг онцлох вэ?

-Нэгдүгээрт, та маш өвөрмөц шинэ хөгжим сонсоно. Хоёрдугаарт, чадварлаг хөгжимчдийн авьяас чадвар таныг гайхашруулна гэдэгт итгэлтэй байна. Гуравдугаарт та монгол үндэсний хөгжмөөрөө бахархаж, Швейцарийн хөгжмийн соёлтой танилцах боломжтой.

“Арга билэг” хамтлагийг та бүхэн  сайн мэднэ шүү дээ. Маш авьяаслаг залуус. Бидэнтэй их адилхан намтартай санагдсан. Үндэсний хөгжмийг орчин үеийн хөгжмийн бусад урсгалтай найруулан тоглохдоо тэд их чадварлаг. Бид хамтарч тоглох болсондоо их баяртай байгаа. Швейцарь, Монголын хамтарсан хоёр улсын уран бүтээлчдийн тоглолт тавдугаар сарын 29,30-нд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт 19.00 цагт болно гэдгийг уншигчдад дахин сануулъя. Та бүхнийг урьж байна.

Э.ТЭКҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж