Шинэ станц барих мөнгөөр хуучнаа зассаар байх уу

Хуучирсан мэдээ: 2010.06.28-нд нийтлэгдсэн

Шинэ станц барих мөнгөөр хуучнаа зассаар байх уу

Манай улсын эрчим хүчний сал­бар хүндхэн байдалд ороод олон жилийн нүүр үзэж буй. Жил бүр л энэ салбарыг элгээрээ хэвтлээ гэцгээдэг ч эрчим хүч­ний шинэ эх үүсвэртэй бо­лох, хэрэглээгээ хянаж хэм­нэлт гаргах талаар дор­ви­той шийдвэр гаргасан нь үгүй. Харин улсын төсөв, гадны зээл, тусламжаар зөв­хөн хуучин станцуудаа шинэ­чилж, засварлах аж­лыг чухалчилдаг болсон. Сүү­лийн арав хүрэхгүй жилийн хуга­цаанд л гэхэд III, IV ДЦС-ыг шинэчлэлд 132 сая ам.доллар, Дарханы ДЦС-д 15 сая евро, Дорнодын ДЦС-д 10 сая евротой тэн­цэх хэмжээний хөрөнгийг зар­цуулсан баримт байна. Мөн Өмнөговь аймгийн ДЦС-д хэд хэдэн удаа эвдрэл гарч ихээхэн хэмжээний хөрөн­гөөр зассан. Харин төвийн эрчим хүчний системд хол­бог­доогүй Говь-Алтай, Зав­хан аймгуудад сүүлийн хоёрхон жилд 26 тэрбум төгрөгийг дизель түлшний татаасанд өгсөн байгаа юм. Тэгвэл энэ их мөнгөөр IV ДЦС-тай дүйцэхүйц цоо шинэ станц барих боломжтой байжээ. Харамсалтай нь шийдвэр гаргах түвшнийхэн шинэ станц барих ажилд тун хойрго хандаж байна. Үндсэндээ улс төрийн ашиг хонжоо харах, нэр хүндээ өсгөх зорилгоор л энэ сэдвийг хөнддөг гэхэд болно. Ийн хэлэх учир нь иргэд олон нийтийн зүгээс шүүмжлэл тасрахгүй байхаар нь техник эдийн засгийн үндэслэлийг нь ч боловсруулаагүй тендер зарлаж байсан удаатай. Гэвч ийм ажилд оролцох сан­хүүгийн чадавхтай компани цөөн байсан учир тэгсхийгээд бан­тан болсон. Өдгөө Эрдэс баялаг, эрчим хүчний яам­ных­наас шинэ станц юу болж буйг асуухаар “Ирэх нам­раас жигдрэх байх” гэсэн тодорхойгүй хариу өгдөг. Уг нь энэ мэт ажилд улстөрчид бус, салбарын мэргэжилтнүүдийн оролцоо давуу байх учиртай. Гэтэл эрчим салбартаа мэр­гэшсэн хүмүүсийг шинэ станц байгуулах тооцоо, су­дал­гааны ажилд тэр бүр оролцуулдаггүй гэх мэдээ­лэл бий. Тиймээс ч шүүрхий шийдвэр гарч, ажил ахихгүй бай­гаа нь ойлгомжтой. Ямар ч байсан төрөөс эрх ол­гох, зохицуулах үүргээ л гүйцэтгээд бусад талуудад боломжийг нь олговол санхүү­гийн хувьд тийм ч хүндрэлтэй биш гэдэг нь тодорхой байна.  Мөн шинэ станц барихаас гадна байгаа станцууд дээрээ оновчтой менежмент хийвэл хангалттай хэмжээний хэм­нэлт гаргах ч боломж байгаа аж.

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Эдийн засгийн бодлогын шинэтгэл, өрсөлдөх чадвар /ЭЗБШӨЧ/ төслийн мэргэжилтнүүд өн­гөр­сөн баасан гарагт сэт­гүүл­чидтэй “Эрчим хүч­ний салбарт үзүүлж буй тус­лалцаа” сэдэвт уулзалт хийсэн юм. Дэлхийн аль ч улсад хэрэглээгээ хангахын тулд хамгийн бага өртөг зар­далтай үйлдвэрлэгчдийг түл­хүү ашиглаж, харин өн­дөр зардалтайг нь зөвхөн ачаалал өсөн нэмэгдэх үед тодорхой хязгаартай орол­цуулах зарчим баримталдаг аж. Үүнийг эдийн засгийн үн­дэслэлтэй диспетчерийн зо­хицуулалт гэдэг байна. Хэдийгээр манай улсын Эрчим хүчний тухай хуульд хамгийн бага зардлаар үйлдвэрлэл явуу­лах тухай заалт оруулж, Диспетчерийн үндэсний тө­вийг байгуулсан ч тус төвд оновчтой зохи­цуулалтын программ хан­гамж байдаггүй. Мөн дис­пет­черийн даалга­вар боловсруулахдаа үйлд­вэр­лэгч компанийн борлуулал­тын орлогын төлөвлөгөөг хэрэг­жүүлэхийг шалгуур болго­дог нь эдийн засгийн оновчтой зохицуулалт хийхэд ихээхэн саад болдог байна. Өнгөрсөн хугацаанд ЭЗБШӨЧ төслийнхөн үйлдвэрлэгчийн чадал, энергийн тарифын аргачлалыг шинэчлэн сайжруулахыг Эрчим хүчний зохицуулах газарт олон удаа санал болгож байжээ. Мөн системийн загварчлалыг на­рийвчлан гаргасан “Эр­чим хүчний системийн менеж­мент”-ийн тусгай программ хан­гамж худалдан авч суури­луулахыг зөвлөжээ. Түүнчлэн диспетчерийн үндэсний төвд системийг хянаж мэдээлэл цуглуулах SCADA системийг шинээр суурилуулж өгчээ. Харин төсөв нь хүрэлцээгүй тул дээрх программ хангам­жийг авч өгч чадаагүй аж. Ийм программтай болсноор цахилгаан, дулааны хэрэг­лээг холбогдох өртөг зард­лын хамт тооцож, зохицуу­лалтыг оновчтой хийх бо­ломж олгодог байна. Үүнийг авахад 250 мянган ам.доллар шаардлагатай аж. Гэхдээ ганц удаа хөрөнгө гаргавал эргээд хүртэх үр ашиг нь хангалттай. Ту­хайлбал, зохицуулалтын ийм программтай болсноор төвийн эрчим хүчний системд нүүрсний зарцуулалтыг жилд 324 мянган тонноор буу­руу­лах, түлшний зардлыг найман тэрбум төгрөгөөр хэмнэх боломж бүрдэх юм байна. Мөн агаарын бохирдол, нүүрс­хүчлийн давхар ислийн ялгарлыг жилд 886 мянган тонноор бууруулах боломж ч бүрдэх гэнэ.  Ямартай ч энэ нь жил бүр хэдэн тэр­бум төгрөгөөр гэрийн бүрээс дулаалах гэх мэттэй харьцуулшгүй үр дүнтэй арга гэдгийг мэргэжилтнүүд хэллээ.

Ер нь эрчим хүчний сал­бар өөдлөхгүй байгаа нь тө­рийн бодлого, шийдвэр “бай”-гаа онодоггүйтэй л холбоотой бололтой. Жишээ нь, улс даяар тарифын нэгдсэн систем мөрддөг нь хүндрэлийн гол шалтгааны нэг. Мэдээж 10 км, 1000 км-ын зайд цахилгаан, дулаан түгээхэд асар их ялгаа байх нь тодорхой. Тэгэхээр хол зайд өндөр зардлаар түгээж байгаа зөрүүг ойр зайд байгаа хэрэглэгчид давхар төлдөг гэсэн үг аж. Мөн шинэ станц барих ажилд өрсөлдөгчгүй тендер зарлах нь Концесийн тухай хуулиар хориотой байдаг. Гэтэл Могойн голын нүүрсний уурхайг түшиглэн шинээр станц барих тендерт мөн л ганцхан оролцогч байгаа гэсэн. Харин саяхан ЭБЭХ-ний сайд Д.Зоригт уг ажилтай танилцаад, гэрээг хуульд нийцүүлж өөрчлөхийг холбогдох хүмүүст үүрэг болгосон байна билээ.

Энэ мэтчилэн шийдвэр бүр нь оновчгүй байгаад сал­барын мэргэжилтнүүд болоод донор байгууллагууд шүүмжлэлтэй ханддаг гэнэ. Өдгөө төрийнхний хэлдэг гол тайлбар болох мөнгөгүйн зовлон үнэхээр бодитой юу гэвэл бас үгүй. Сонгуулийн амлалтаа биелүүлэхийн тулд иргэн бүрт 70 мянган төгрөг тарааж, Оюутолгойгоос орж ирсэн 250 сая ам.долларыг ямар ч үр ашиггүй үгүй хий­чихсэн. Үр ашиггүй гэсний учир нь үүний балгаар инфляци өсч, төгрөгийн ху­дал­дан авах чадвар доройт­соныг бүгд хүлээн зөвшөөрч байгаа. Одоо дахиад 500 мянгыг бэлнээр тараах тухай ч ярьж буй. Гаргая гэвэл мөнгө байна. Гагцхүү тэр мөнгөөр хуучнаа засаад байх уу, шинийг барих уу гэдэг сон­голт бий. Нөгөөтэйгүүр, өрөндөө баригдсан стан­цуудаа зогсоочихгүйн тулд тарифаа нэмж аргацаахын оронд өндөр үр дүнтэй ганц программ хангамж худалдаад авчихвал яасан юм бэ.

Н.Дашдэлэг.

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж