Хуучирсан мэдээ: 2010.06.28-нд нийтлэгдсэн

Зургадугаар сарын 28

Зургадугаар сарын 28-ны баяр

Украины Үндсэн хуулийн өдөр

Тусгаар тогтносон Украины түүхэнд анхных болох Үндсэн хуулийг 1996 онд баталсан байна. депутатууд хоёр өдөр нойргүй ажиллан ерөнхийлөгчийн бүх саналыг хүлээн авч түүний дагуу засвар оруулан уг хуулийг баталжээ. Өнөөдөр энэ анхны Үндсэн хуулийн заалт бүрд нь засвар орон шийнэчлэгдсэн байгаа.

Өдрийн ишлэл

“Ойрын хүмүүстээ сайныг хийхдээ аль болохоор мууг хийхгүй байхыг хичээгтүн”
(Францын гүн ухаантан, зохиолч Жан Жак-Руссо 1712 оны зургадугаар сарын 28-нд төржээ)
Зураач Морис Кантен де ла Тур. Жан-Жак Руссогийн хөрөг
Бусад ишлэлээс: “Хүн чөлөөтөй төрөх авч хаана ч хадаастай”
“Эрх чөлөө, тэгш эрх, ахан дүүс”
“Найдсан бүгдээ авсан тэр хүн өчүүхэн багаар мэдэрнэ”
“Бүх хорон санаа нь сул доройгоос”

Үйл явдал

1569 ОН: Өнөөгөөс 441 жилийн өмнө Польш, Агуу Литвийн вант улс хоёр нэгдэн Речь Посполитая  гэх нэгэн улсыг үүсгэсэн Люблины уния гэх гэрээнд гарын үсэг зуржээ. Люблины уния нь 1385 онд Литвийн агуу ван Ягайло Польшийн хатан хаан Ядвигатай гэрлэсний дараа хоёр орныг нэгтгэхээр 1385 онд бичигдсэн Кревын униягийн төгсгөл нь болсон байна. Люблины униягаар нэг мөнгөн системтэй мөн нэгдсэн сеймтай нэгдмэл улс болгох шийдвэрийг баталсан гэж болно.  Мөн Речь Посполитая нь олон улсын асуудлаар нэг улс болж байлаа. Ер нь бол өнөөгийн Европын холбооны маягийн системыг тэр гэрээ өгчээ.

1841 ОН: Парисийн Гранд-Опера театрт Адольф Аданы “Жизель” гэх хоёр үзэгдэлт бүжгэн жүжгийн анхны нээлт болсон байна. Бүжгэн жүжгийг Италийн Карлотта Гризи гэх жүжигчин эмэгтэйд зориулан бүтээсэн ба энэ жүжиг түүнийг дэлхийн хэмжээний од болгосон билээ. Анхны тоглолт маш амжилттай болсон байна. Францын зохиолч Жюль Жанен  бүжгэн жүжгийн дараа “ Энэ бүтээлд байхгүй юм гэж алга. Сэтгэмж, шинэ па, зохиомж, сайхан бүжигчид, зохицол, амьдрал, эрч хүч, Адель Дюмилитр нэн ялангуяа Шарлотта Гризи. Бүгд бялхаж байна. Ийм юмыг л бүжгэн жүжиг гэдэг юм” хэмээн бичсэн байлаа.

1914 ОН: Австрийн эрцгерцог Франц Фердинандын аминд халдав. Сараевод болсон энэ аллага Дэлхийн I дайн эхлэх шалтаг болжээ. Австрийн эрцгерцогийн амийг Гаврил Принцип, Данил Илич нарын толгойлсон “Залуу Босни” гэх нууц байгууллагынхан хөнөөсөн байна. Түүний дараа тус байгууллагыг хааж удирдагч нарыг нь цаазалсан билээ. Долдугаар сарын 23-нд Австр-Унгар Сербид тулган шаардалт хийж иргэдээ хамгаалахаар цэргээ оруулна гэсэн байв. Серби  шаардлагын ихэнхийг хүлээн авсан боловч долдугаар сарын 27-нд Австри-Унгар Сербид дайн зарлав. Ингэж эхэлсэн дэлхийн I дайнд 38 улс оролцож, 74 сая хүн цэрэг татлагад хамрагдснаас 10 сая нь алагджээ.

1919 ОН: Версальд Дэлхийн I дайны үр дүнг нэг мөр гаргасан олон улсын конфренци болов. Гол зорилго нь Герман болон бусад ялагдсан орнуудтай энхийн гэрээг байгуулах явдал байлаа. Нийт 27 орон цугларсан уг бага хурал дээр “их гурав” гэгдсэн Их Британийн ерөнхий сайд Д.Ллойд Жорж, Францын ерөнхий сайд Ж.Клемансо, АНУ-ын ерөнхийлөгч В.Вильсон нар гол үүрэгтэй байлаа. 1919 оны зургадугаар сарын Версалийн энхийн гэрээнд гарын үсэг зурснаар Герман бүх колонийн эзэмшлээ алдав. Эльзас, Лотаринги Францад, Хойд Шлейзвиг Данид, Эйпин ба Мальмеди мөн Морена муж Бельгид, шинээр байгуулагдсан Польшид Познань ба Баруун Пруссийн ихэнх, Дээд Силезийн хамт очсон байв. Немцийн Данцигийг чөлөөт хот болгон Үндэсний лигийн хяналтад өгөөд Зүүн Пруссийг Германы бусад нутгаас салгасан Польшийн коридор гэгчийг Висла мөрний цутгаланд байгуулсан юм.  Саар мужийн нүүрсний уурхайнуудыг Францад түр хамруулж, Рейн мөрний зүүн эргийн Антантын цэрэг эзэлсэн байв. Баруун эрэгт нь 50 км-ын цэрэггүй бүс байгуулсан байв. Рейн, Эльба ба Одер мөрнүүдийг гадаадын хөлөг онгоц чөлөөтөй зорчихоор зарлажээ. Үүний зэрэгцээ Герман нисэх онгоц, шумбадаг завь, танктай байж болохгүй байв. 10 мянган тоонны эзэлхүүнээс илүүтэй хөлөг онгоц бас хориотой болсон байна. Германчууд энэ бүгдийг маш эмзэгээр хүлээн авсан нь хожим тоталитар дэглэм гарч ирэх хөрс суурийг бэлтгэсэн билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж