ҮХАА-н сайдад Ш.Түвдэндоржийг санал болгов
Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр хуралдаж, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын асуудлыг хэлэлцлээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг санал болгосныг Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар хэлэлцээд, зөвлөлийн гишүүдийн 100 хувь дэмжсэн байна.
Уг нь энэ суудалд УИХ-ын гишүүн Г.Баярсайхан болон Ш.Түвдэндорж нарын нэр яригдаж байсан юм. Гэвч ҮХААЯ бол МоАХ фракцид хуваарилагдсан яам байсан учраас Ш.Түвдэндоржийг томилох нь зүйтэй гэсэн саналыг Ерөнхий сайд оруулж ирсэн байна. Одоо Гүйцэтгэх зөвлөлийн 32 гишүүн Ш.Түвдэндоржийг дэмжсэн тухай саналаа УИХ дахь АН-ын бүлэгт хүргүүлэх ёстой. Гүйцэтгэх зөвлөлийн саналыг АН-ын бүлэг хүлээн зөвшөөрвөл УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаанаар энэ талаар хэлэлцэн ҮХАА-ын сайдыг томилох учиртай.
Сануулахад, өмнө нь ҮХАА-н сайдаар ажиллаж байсан Х.Баттулга өөрийн хүсэлтээр сайдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн юм.
Ш.ОЧ