УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д танилцуулахаар боллоо.
Мөн Бельгийн Вант улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төслийн зээлийн хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцлээ. Нийт төслийн хэмжээ 6.4 сая евро бөгөөд энэхүү төслийг хэрэгжүүлснээр эмч нарын ур чадвар дээшилж, баруун бүсийн иргэд орон нутагтаа оношлуулж эмчлүүлэх боломж бүрдэх аж.
Улмаар байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтээ УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов.
Түүнчлэн тус байнгын хорооны хуралдаанаар Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдэх байсан ч уг асуудлыг намын бүлгүүд дээр ярилцах боломж олгох шаардлагатай талаар Я.Содбаатар гишүүний гаргасан горимын саналыг гишүүд дэмжиж, тогтоолын төслийг хэлэлцэхийг хойшлуулав. Мөн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг ажлаа дуусаагүй тул хуулийн төслийг дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр болж хуралдаанаа өндөрлүүлсэн юм.
Г.ДАРЬ