Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан өнөөдөр 18.00 цагт зарлагджээ. Үүгээр Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд асан Х.Баттулгын “орны” сайдыг хэлэлцэнэ гэх мэдээлэл байна.
Сайд асан Х.Баттулга албан тушаалаасаа чөлөөлөгдсөнөөс хойш 20 шахам хонож буй юм. Энэ хугацаанд түүний орыг залгах хүнээр олон нэр зарлагдсан. Албан ёсны биш боловч хэвлэлүүдэд бичсэнээр Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал, Нийгмийн хамгааллын дэд сайд асан Д.Нямхүү, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр нар нэхэл хатуутай өрсөлдсөн билээ.
Нэр дэвшигчид дотор УИХ-ын гишүүний алба хашиж байгаа хоёр эрхэм бий. Тэднээс нэг нь сайдын албанд нэр дэвшсэн нөхцөлд сайд асан Х.Баттулгын “давхар дээл”-ээсээ татгалзсан учир холбогдол үгүй болно. Гэхдээ Ардчилсан намын “бялуу” хуваалт ямагт фракцийн тэнцвэрт байдлыг хадгалах зарчмаар явж ирсэн жишгийг дагавал Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын алба МоАХ-аас гарч ирэх боломж хамгийн өндөр аж.
Үүгээр бол Байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр нарын дунд өрсөлдөөн өрнөх магадлал өндөр юм байна. Гэвч салбарыг сайн мэдэх хүнийг нэр дэвшүүлэх нь шалдаа буучихаад байгаа Ардчилсан намын нэр хүндийг дээш өргөх нэг боломж гэж үзэх хүн ч байна.
Хэрвээ энэ зарчмыг баривал сайн ч муу ч Засгийн газар байгуулагдаад хоёр жил шахам болж буй хугацаанд Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайдаар ажилласан Ц.Туваан, Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал нарт боломж гарч ирэх ч фракци нь өөр учраас экс сайдын санаанд үл нийцэж эвдрэлийн үүдийг улам том цавтай болгож мэдэх тул МоАХ-аас ээлжит Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд тодрох уу, эсвэл гэх асуулт хариулт нэхэн үлдлээ.
Г.НАРАН