Монголд ирэх гадаадынхан визээ авч чадахгүй байна

Хуучирсан мэдээ: 2014.05.28-нд нийтлэгдсэн

Монголд ирэх гадаадынхан визээ авч чадахгүй байна

БНХАУ-ын Бээжин, Эрээн хотоос Монгол руу явах виз хүссэн гадаадын иргэд өнгөрсөн долоо хоногоос хойш Монгол руу зорчих визээ авч чадалгүй саатаад байна. Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулах гэсэн боловч албан хүмүүс мэдээлэл өгөхөөс татгалзлаа. Харин Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны хүмүүстэй холбогдоход “Визний программд эвдрэл гарсан учраас гурав хоногийн турш виз олгоогүй. Бид яаралтай арга хэмжээ авахаар ажиллаж байна” гэх хариултыг өглөө.

Эх сурвалжийн мэдээллээр бол Монголын виз авахаар хүсэлт гаргасан иргэд программыг засч дуустал дахиад 3-4 хоног хүлээх нь тодорхой болжээ. Монгол Улсын виз хүссэн гадаадын иргэдийн дотор дипломат ажилтнууд ч цөөнгүй байгаа гэнэ. Энэхүү программын тусламжтайгаар БНХАУ-д суугаа Элчингийнхэн Гадаад харилцааны яамтай холбогдож мэдээлэл солилцож, холбогдох дүрэм журмын дагуу виз олгодог юм байна. Гэтэл программд нь эвдрэл гарснаар харилцах боломжгүй болж виз олгох ажил зогсчээ. Энэ хугацаанд яаралтай ажилтай хүмүүс Бээжинд виз авч чадаагүй учраас Эрээн хот руу явж виз авахаар цаг заваа алдан очсон ч Эрээнээс мөн ижил шалтгаанаар визээ авч чадалгүй хохироод байгаа гэнэ.

Одоогоор яг хэдэн хүн виз авч чадалгүй гацаад байгаа нь тодорхойгүй байна. Баттай бус мэдээллээр визний программ эвдэрсэн нь хакердуулсан байж болзошгүй гэнэ.  Хэрэв тийм бол Монгол Улсын чухал мэдээлэл ч алдагдсан байх магадлалтай юм. Харин албаны хүмүүс энэ талаар мэдээлэл өгөхөөс татгалзаж байна. Программ чухам яагаад эвдэрсэн эсэх нь одоогоор тодорхойгүй хэвээр үлдлээ. Ийнхүү хариуцлагагүй явдлаас болж жирийн иргэдээс гадна гадны бизнесмэн, дипломатууд доод тал нь долоо хоног саатаж, зочид буудалд илүү мөнгө төлөх болсондоо бухимдалтай байгаа аж.

Бээжин дэх Элчин сайдын яамныхны хэлж байгаагаар визнээс бусад шуудан, харилцаа холбооны ажил хэвийн үргэлжилж буй гэнэ.

Гадныхны өмнө ичгэвтэр байдалд орсон энэ явдлын талаар манайхан нууцалж байна.

Л.ХАЛИУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж