Энэ бол ил захидал биш гэдгийг юуны өмнө хэлье. Харин олон арван хүний, бас Чоно голын хэмээн нэрлэгддэг Эрдэнэцагааны хилийн отрядын халуун бүлээн ам бүлд багтаж явсан хилчдийн сэтгэлийн илэрхийлэл хэмээн ойлговол зохилтой биз ээ.
Нүд гөлрөм халуун говийг туулсан бидний аяныхан нүүр алгадсан ширүүн салхи бүхий энэ нутгийн газар шороон дээр хөл тавихдаа ирж байгаа цагийн аястай эвлэрч, эрхэм нөхдийн зөвлөгөөг үл анзааран нимгэн хувцастай гарсныхаа шагналыг эрчилсэн салхин шуургатай тулахдаа сая хүртэв.Гэхдээ харамсаагүй ээ.Ийм шуурга салхи энэ тал нутагт айлчилдаггүйсэн бол эзэд нь буюу эрчүүд нь өлчир чийрэг, бүсгүйчүүд нь үзэсгэлэн гоо, морьд нь хурдан, амьтад нь сэргэлэн байхгүй байх асан гэдэгт үл эргэлзнэм. Энэ бүхэнд мэдээжийн хэрэг Халхын тамгатай хутагт Галсандаш хэмээх их хүний хураасан буян, шившлэг тарни нөлөөлдөг биз ээ.
Шилийн богд, Хилийн 999 дүгээр баганаар зааглагдах Онгон, Эрдэнэцагааны нутагт хавар аль эрт айлчилсан ч, тэнгэр хангай өөрийнхөө төрөлх араншинг үе үе гаргаж байгааг манай хилчид хуучиллаа. Гэхдээ хил тайван байна.Одоохондоо. Ингэхэд хилчдийн алба тайвшрах назгайрахыг үл тэвчдэг алба.Ингэвэл асар хатуу чангаар хариуг нь авдаг тохиолдол элбэг.Үүнийг ч энэ отрядынхон сайн мэддэг. Тиймээс жаргалтайхан Жаргалантаас эхлээд шүтлэгтэйхэн Шовдол булгаар дамжин дархан цаазтай Лхачинвандад уул хүртэлх хилийн шугамаар зогсох дайчин харуулууд сонор байна. Ер нь бүс тайлж бүтэн нойртой хоноогүй энэ хэсгийн мэргэжлээ домог болгосон хилчид албаа сайн хааж байна. Тиймээс алдар түүхийнхээ алтан хуудсыг улам зузаалж, тамгатай хутагтынхаа тахилгатай уулсыг хамгаалж байгаа Та бүхний өмнө мэхийе. Мөнхөд орштугай.
Эх сурвалж: http://bpo.gov.mn/news