Цагаан суваргын ордоос төр 34 хувь эзэмшинэ

Хуучирсан мэдээ: 2014.05.28-нд нийтлэгдсэн

Цагаан суваргын ордоос төр 34 хувь эзэмшинэ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар “Тогтоолыг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, чуулганы хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэлээ.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү тогтоолд Цагаан суваргын ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээг 34 байхаар зааж өгчээ. Дорноговь аймгийн Мандах сумын нутагт орших Цагаан суваргын зэс молибдений ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Монголын алт” компани эзэмшдэг юм байна. Тус компани 2001-2008 онд өөрийн хөрөнгөөр нарийвчилсан хайгуулын ажил хийж, 2009 онд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар нөөцийн тайлангаа хэлэлцүүлэн баталгаажуулжээ.

Үүгээр 250.4 сая тонн хүдэр, 66167 тонн молибден, 11.127 кг алтыг улсын бүртгэлд бүртгүүлсэн юм байна.

Харин хайгуулын ажилд тус компани 2.679.400 ам.долларыг зарцуулсан бол нөхөн төлбөрт 714.760 ам.долларыг төрд төлжээ. Мөн тус компанийн Цагаан суваргын ордод оруулсан хөрөнгө оруулалт одоогоор 323.1 сая ам.доллар юм байна.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Ганбат, Д.Батцогт нар төр тус ордоос 34 хувь эзэмших гээд байгаагийн цаад шалтгаан юу болох талаар хариулт хүссэн бол УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Төр өөрийн эзэмшлийн 34 хувьдаа 350.6 сая ам.долларын санхүүжилт хийх бэл бэнчин одоогийн нөхцөлд байна уу гэдэгт хариулт хүслээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Батцогт “МАК бол муу ч сайн ч үндэсний компани. Өөрийн хөрөнгөөр бүх эрсдлийг үүрээд ирсэн байхад түүнээс нь төр 34 хувийг авч болж байгаа юм уу. Түүний оронд Засгийн газар үндэсний компани дэмжээд явах ёстой юм биш үү” гэлээ. Үүнд Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Хуульд заасан заалтын дагуу тус ордод төр 34 хувь эзэмшихээр оруулж ирсэн” гэж хариуллаа.

Харин УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Төр тус ордод 34 хувь эзэмшсэнийхээ хариуд 350.6 сая ам.доллар гаргах болж байна. Өнөөгийн нөхцөлд ийм хэмжээний хөрөнгө гаргах бололцоо Засгийн газарт бий юм уу. 350.6 сая ам.доллар гэдгийг Уул уурхайн сайд та мэдэж байна уу. Асар их мөнгө байна, эх үүсвэрээ шийдсэн юм уу. Өрийн хязгаарыг давчихгүй биш үү. Хоёрдугаарт, Цагаан суваргын орд нь хэчнээн жилийн хугацаатай ажиллах юм. Татварт хэчнээн хэмжээний төгрөг оруулах юм, рояльтын татвар нь хэд байх вэ гэдэгт хариулт өгөөч” гэлээ.

Уул уурхайн сайдын хариултаар бол  төрөөс гаргах 350.6 сая ам.долларыг үнэт цаас гаргах замаар шийдвэрлэхээр төлөвлөсөн юм байна. Мөн МАК болон Уул уурхайн яамны холбогдох хүмүүсийн тайлбараар Цагаан суваргын орд нь 16 жил ажиллана, энэ хугацаанд 11 их наяд төгрөгийн борлуулалт хийнэ. Улсын төсөвт 4 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлэхээс тал нь рояльтын татвараар орж ирнэ. Харин хөрөнгө оруулалтын зардлаа 6.6 жилд нөхнө гэсэн тооцоог тус, тус гаргасан юм байна.

Үүний дараа УИХ-ын гишүүд саналаа илэрхийлэх үеэр “Уул уурхайн сайд та ийм эрсдэлтэй төсөлд халааснаасаа 350.6 сая ам.доллар гаргах байсан уу. Нэг их ашигтай төсөл биш учраас тогтоолыг хэлэлцэх асуудлыг хойшлуулж болдоггүй юм уу” гэх байр суурийг илэрхийлж байлаа. Мөн МАК –ийн зүгээс төслийг хэрэгжүүлэх талд яаравчлахгүй байгааг харгалзан үзэн ёстой гэж хэлж байсан юм.

Харин Уул уурхайн сайдын хувьд асуудлыг яаран шийдэхээс аргагүй гэлээ.

Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж