Популистуудаас ам асууя

Хуучирсан мэдээ: 2014.05.28-нд нийтлэгдсэн

Популистуудаас ам асууя

Нэгэн эр эд баялаг, эрх мэдэл, хайр дурлалыг бурханаас гуйгаад юу ч үгүй насыг барж, тэнгэрт очоод “та яагаад миний гуйлтыг биелүүлсэнгүй вэ” хэмээн асуужээ.  Бурхан хариуд нь “би чамд боломжуудыг олгосон, харин чи ашиглаж чадаагүй” хэмээн хэлсэн тухай үлгэр байдаг.

Боломж тийм ч олон тохиодоггүй. Боломжийг алдвал дараагийн боломж олдтол асар их цаг хугацаа шаардагдах нь мэдээж. Тэгэхээр алдсан цаг хугацаанаас үүдэлтэй хохирлыг тооцох боломжгүй ч,  улс орны хөгжил, санхүү, төсөв, эдийн засагт нөлөөлж буй хамаарлыг нь авч үзвэл багагүй тоо гарах болов уу.

Өнгөрсөн жилүүдэд Монгол Улс бурханаас заяасан олон боломжийг ашиглаж чадаагүй гэвэл бодит үнэнээс хол зөрөхгүй байх. Төмөр зам, дэд бүтцээс эхлээд баялгаа дэлхийн зах зээлд хүргэх боломжийг алдсанаар, нөгөө талаар хууль тогтоомж, бодлогын тогтвортой бус байдлаас болоод эдийн засагт орж ирэх хөрөнгийг урсгал 55 хувиар татарчихлаа. Хэрэвзээ Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах санхүүжилт товлогдсон ёсоор есдүгээр сард орж ирэхгүй бол байдал улам дордоно. Өөрөөр хэлбэл, Монгол Улс долларын хамаг нөөцөө  шавхахад хүрнэ гэсэн эдийн засагчдын сануулгыг тоохгүй өнгөрч боломгүй.

Дэлхийд Монгол ганцхан баялагтай нь биш болохоор алт, зэс нүүрсээ эдийн засгийн эргэлтэд оруулах гэсэн өрсөлдөөн гадаад зах зээлд улам ширүүсч байна. Ялангуяа Хятадын зах зээлийг онилсон гадаад улс орнуудын бодлого, буу шийдэм, нум сум болоод хөрөнгө оруулагчдаа хөөчихсөн манай улсын хувьд томоохон цохилт болж магадгүй байгаа юм. Гадаад зах зээлд болж байгаа үйл явдлаас харахад Монгол Улс өрсөлдөөнд ялагдах магадлал 50-аас илүү хувьтай байна. Эзэн Чингисийн удам хэмээн цээжээ дэлдсэн эх орончид, баялгаа харамласан популистуудаас болоод газрын доорх эрдэс баялаг хэнд x хэрэгцээгүй хог болохгүй гэх баталгаагүй болжээ.

Шанхайн бага хурлын үеэр Орос, Хятадын  дунд хийгдсэн байгалийн хий нийлүүлэх 400 тэрбум долларын гэрээ монголчуудад  айхгүй ч гэлээ аягүй санагдаж буйг нуух юун. Үүнтэй зэрэгцээд зэсийн нөөцөөрөө Оюутолгойтой өрсөлдөх хэмжээний томоохон ордыг Орос  Хятадтай хамтран эдийн засгийн эргэлтэд оруулахаар болов. Гэтэл бид тогоон дотроо жийлцэж, хөрөнгө оруулагчдаа хөөсөөр байгаад урьдын адил алт сандайлсан гуйлгачин хэвээрээ үлдэх бололтой.

Монголын Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэсэн цагаасаа хойш байнгын хардлага сэрдлэг, дарамт шахалтан дор ажиллаж ирсэн “Рио Тинто” гэхэд Гвинейн Засгийн газартаа асар том гэрээ байгуулчихлаа. Илүү тодорхой хэлбэл, Гвинейн Засгийн газартай байгуулсан “Рио Тинто”-гийн хөрөнгө оруулалтын гэрээнд Хятадын Чайналко хамтарсан нь Монголын төмрийн хүдрийн экспортод нөлөөлөхгүй гэж хэн таах юм бэ. Ирээдүйг таах нь битгий хэл өнөөдрөө ч бид олигтойхон  төлөвлөөд явчихаж чадахгүй байгаа шүү дээ.

 Төслийн гэрээнд зааснаар хөрөнгө оруулагчид уг ордын эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд  төмөр зам болон бусад бүтээн байгуулалтыг хийхээр болсон гэнэ. Гвинейн Засгийн газрын хувьд 3.5 хувийн роялти татвар болон 30 хувийн ашгийн татвараа авахаар тохиролцсон байна. Тэгвэл монголчууд  34 хувиа нэмэгдүүлж, 50 хүртлэх хувийг нь үнэгүй авна гээд хөрөнгө оруулагчаа айлгаад, элдэв захидал бичиж сүрдүүлээд өөх ч үгүй булчирхай ч үгүй хоцрох дэг. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад зарцуулах санхүүжилтийг дэлхийн 15 банкнаас авах хугацаагаа хойшлуулсан нь сав л хийвэл айлгаж, ичээж ирсэн монголчуудад “зовлон” мэдрүүлэх зорилготой хөрөнгө оруулагчдын барьж буй тактик байхыг үгүйсгэхгүй. Монголын Засгийн газраас Оюунтолгойн дараагийн шатны бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд бэлэн байгаа хэдий ч хөрөнгө оруулагчдын зүгээс элдэв арга саам хийсээр хугацааг нь хоёр дахь удаагаа хойшлуулаад байгаа. Дахин нэг удаа хойшлуулбал, эдийн засагт итгэлцлийг бий болгоход улам төвөгтэй болж магадгүй юм.

Оюутолгойн гацаанаас үүдэлтэй эдийн засгийн уналтууд хэзээ сэргэх нь тодорхойгүй хэвээр, монголчууд хөрөнгийн урсгалын эргүүлэн татахын тулд хувийн тоглолтоо хоёрдугаарт тавигдахгүй бол ард түмний амьдрал хэцүүдлээ.   Хувийн эрх ашиг амбицаа нэгдүгээрт тавьсан популистуудад хандаж “ та нарын хүсч байсан эдийн засаг энэ мөн үү” хэмээн ам асуумаар байна. Баялаг байгаад ч түүнийгээ ашиглаж чадахгүй монголчууд бидний хувьд эд баялаг, эрх мэдэл, хайр дурлалыг бурханаас гуйгаад ч нэг насыг гуйлгачихсан хэвээр барсан эрийн үлгэртэй ялгаагүй адилхан санагдаж байна. Бурхан монголчуудад бусдаас илүү боломж олгосон. Олгосон боломжоо алдахад хүргэсэн популистууд энэ бүгдээс сэтгэлийн ханамж хэр авч байна вэ? Эсвэл бид гуйлгачин хэвээр явах хувь тавилантай хүмүүс үү.

Ж.НЯМСҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж