Эрдэс баялгийн биржийг байгуулна гэв

Хуучирсан мэдээ: 2014.05.28-нд нийтлэгдсэн

Эрдэс баялгийн биржийг байгуулна гэв

“Ил тод уул уурхай” хурал өнөөдөр болж, энэ сард уул уурхайн салбарт болсон үйл явдал, бодлого, шийдвэрийн тухай мэдээлэл өглөө.  Хуралд Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган, Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Г.Өлзийбүрэн, Уул уурхайн яамны Түлшний бодлогын хэлтсийн дарга Л.Раднаасүрэн болон агентлаг, яамны албанхан оролцсон юм. Хурлаар энэ онд Уул уурхайн яамнаас хэрэгжүүлэх 10 ажил, Эрдэс баялгийн бирж байгуулах,  Ашигт малтмалын, Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хоёр ордыг стратегийн ордод хамааруулах тогтоолын төсөл өргөн барьсан, ирэх сараас шатахууны шинэ үнийн томъёоллыг мөрдөх болсон талаар онцоллоо.

Энэ сарын хувьд уул уурхайн салбарт бодлого, зохицуулалтын багагүй ажлыг хийж гүйцэтгэсэн талаар Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган хэлсэн юм. Мөн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хувьд энэ оны эхний дөрвөн сарын байдлаар гэхэд экспортыг өмнөх жилтэй харьцуулахад 20 орчим хувиар нэмэгдсэн гэлээ. Экспортын орлогын 90 орчим хувийг уул уурхайн гаралтай бүтээгдэхүүн эзэлдэг учраас одоогийн эдийн засаг хүндэрсэн ч энэ салбарт сайн тал ажиглагдаж байгаа ажээ. Уул уурхайн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн задаргааг танилцуулахад, энэ оны эхний дөрвөн сарын байдлаар зэсийн баяжмалын үйлдвэрлэл 305.8 мянган тонн, молибдений баяжмал 1.2 мянган тонн, алт 1.4 тонн, нүүрс 6.9 сая тонн, жонш 92.2 мянган тонн, төмрийн хүдэр 0.9 сая тонныг олборложээ. Харин экспортоор 5.4 сая тонн нүүрс, 316.5 мянган тонн зэсийн баяжмал, 1.4 мянган тонн молибдений баяжмал, 2.5 тонн алт, 83.0 мянган тонн жонш гаргажээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад зэсийн баяжмал 41 хувиар, нүүрс 7.3 хувиар, алт 46.5 хувиар, газрын тос 32.3 хувиар тус тус өссөн дүн юм байна.

Ийнхүү өнөөдрийн хурлаар хэлэлцсэн асуудлыг тодруулъя.

Ирэх сараас шатахууны шинэ үнэ бүрдэлтийг мөрдөнө

Шатахууны үнэ өсөх, буух нь  олон нийтийн анхаарлын төвд байсаар ирсэн бөгөөд ОХУ-аас мэдэгдэж буй үнэ ханшийн өөрчлөлт ихээр санаа зовдог. Тэгвэл ирэх сараас ОХУ-ын “Роснефть” компани шатахууны хилийн үнээ буулгахаар болж буй. Энэ асуудлыг ОХУ-ын Санкт-Петербург хотод энэ сарын 22-24-ний өдрүүдэд болсон Эдийн засгийн чуулганы үеэр  шийдвэрлэсэн  юм. Тодруулбал, уг арга хэмжээнд Монголоос Газрын тосны хэрэг эрхлэх газрын удирдлагууд  төлөөлж ОХУ-ын “Роснефть” компанитай “Түлш-эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай протокол”-д гарын үсэг зурсан ажээ. Өмнөх оны мөн үед ОХУ-аас Монголд нийлүүлэх дизель түлшийн хилийн үнэ тонн тутамдаа 1360 ам.доллар байсан бол дээрх протоколын дагуу ирэх сараас тонн тутамд 963 ам.доллар болж буурах юм байна. Ингэснээр шатахууны үнэ буух уу гэдэг асуудал хамгийн чухал. Үүнд Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Г.Өлзийбүрэн “Роснефтийн шатахууны хилийн үнэ 390 гаруй ам.доллараар буух нь манай жижиглэнгийн шатахууны үнийг буулгах нөхцөл бүрдсэн ч ам.доллараар худалдан авалт хийдэг учир үнэ төдийлөн буухгүй болчихоод байна” гэж тайлбарлалаа.

Ямартай ч цаашдаа шатахууны үнэ дээр огцом савлагаа үүсэхгүй байхад албаныхан амалж байгаа юм. Монголын шатахууны импортын хэрэгцээний хувьд ОХУ-ын дан ганц “Роснефть” компаниас гэхэд 70 хувийн хамааралтай байсан бол одоо энэ хувь хэмжээ багасч, 40 хувь болсон байна.  Шатахуун  импортоор одоо ОХУ-ын  Роснефть компаниас 40 хувь, ОХУ-ын Дитэко компаниас 20 хувь, Беларусь улсаас 15 хувь, БНХАУ,-БНСУ-аас тус бүр 6 хувийг, үлдсэн шатахууныг Япон, Сингапур, Латви улсуудаас авч байгаа ажээ. Ийнхүү олон эх үүсвэртэй болсон учраас шатахууны хомсдол, үнийн савлагаанд орохгүй гэж үзэж байгаа ажээ.

Хоёр ордыг стратегийн ордод хамааруулна

Засгийн газраас Цайдам нуурын нүүрсний орд, Гацууртын алтны ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод нэмж хамааруулах тухай тогтоолын төслийг өнгөрсөн долоо хоногт  УИХ-д өргөн барьсаныг өнөөдрийн хурлаар онцолсон. Цайдамнуурын нүүрсний ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Цэцэн майнинг энд Энержи” ХХК, Гацууртын алтны ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Сентерра гоулд Монголиа” ХХК зүгээс тухайн ордуудаа ийнхүү стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулах хүсэлтээ илэрхийлсэн ажээ. Энэ нь эдийн засагт орох үр өгөөжийн хувьд ямар байх талаар Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулганаас тодруулахад “Цэцэн майнинг энд Энержи компани нүүрсийг хийжүүлэх, шингэрүүлэх төслийг боловсруулан ажиллаж байгаа юм билээ. Үүнд төртэй хамтрах утгаараа ийм санал тавьсан. Гацуурт алтны ордын хувьд 50-60 орчим тонн алтны нөөцтэй, жижиг хэмжээний орд. Үүнийг мөн төртэй хамтран ашиглана. Энэ орд ашиглалт орвол 300 орчим сая полларын хөрөнгө оруулалт нэмэгдэх тооцоотой.Нөгөө талдаа Сентерра гоулд МонголиаХХК-ийн охин компани Бороо гоулдын алтны нөөц дуусч байгаа учраас үүгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх юм.

Нүүрснээс шатах хий гаргах компанийг байгуулна

Өнөөдрийн хурлаар уул уурхайн салбарт энэ онд хийх 10 том ажлыг нэр дурдлаа. Одоогийн тулгараад буй эдийн засгийн хүндрэл уул уурхайн салбарт илүү эмзэгээр тусч байгаа учраас ийнхүү тоймтой ажлыг хийхээ бодлого боловсруулагчид зарласан юм.

1. “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх. /Энэ асуудалд тодруулахад, төслийн 66 хувийг эзэмшигч, хөрөнгө оруулагч тал болох Рио Тинто Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийг есдүгээр сар хүртэл хойшлуулсан. Энэ хугацаанд Монголын талаас ТЭЗҮ-г бүрэн боловсруулж дуусгах бөгөөд есдүгээр сард Рио Тинто энэхүү ТЭЗҮ-тэй танилцаж, олон улсын 15 банкнаас санхүүжилтийг босгон хөрөнгө оруулалт хийх юм.

2. “Эрдэнэс-Тавантолгой”-н ордод гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоог хангах зарчмаар ашигтай ажиллагаа болон гадаад зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх,

3. Нүүрснээс шатах синтетик хий гаргах “SNG” төслийг хэрэгжүүлэх. Үүний тулд хамтарсан компани байгуулах, ТЭЗҮ-г бэлэн болгох ажлыг наймдугаар сард бэлэн болгосон байх ажээ. Ингэснээр төслийн бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлэх боломжтой болох юм байна. Энэ төслийн санхүүжилт үйлдвэрлэх шатдаг хийн хэмжээнээс хамааран 30 орчим тэрбум ам.доллар болох тооцоотой аж. Энэ нь бүтээн байгуулалт, өртөг зардлаар хамгийн том төслүүдийн нэг болохыг албаныхан тайлбарлаж байна.

4. Энэ жил газрын тос боловсруулах үйлдвэр барих байршлыг сонгох, бэлтгэлийг хангах,

5. Стратегийн ач холбогдол бүхий ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах ажлыг эрчимжүүлэх. Үүнээс энэ онд гэхэд Эрдэнэс-Тавантолгой, Цагаан суварга, Гачуурт, Асгат гэсэн дөрвөн ордыг төлөвлөж байна.

6. Газрын тосны салбарын үйл ажиллагааг эрчимжүүлэх. Ингэхдээ уламжлалт болон уламжлалт бус түүхий тос, нүүрсний давхаргын метан хий, битум, шатдаг занар, хийтэй занар ашиглалтыг нэмэгдүүлэхийг зорих ажээ. УИХ-д өргөн бариад байгаа Газрын тосны тухай хууль батлагдвал энэ дагуу хэд хэдэн төсөл хэрэгжих юм байна.

7. Газрын ховор элемент, жонш, нүүрс, алт, цайр ба бусад холимог металлын хөтөлбөрүүдийг боловсруулж  дуусгах. Мөн Уул уурхайн яам бусад яамдуудтай хамтарч хүнд үйлдвэрт “Зэс”, “Төмөр” хөтөлбөрийн хүрээнд Зэс хайлуулах болон Гангийн үйлдвэр барих төслийг эхлүүлэх ажээ.

8. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар Шүүхийн шийдвэрээр цуцлагдсан 106 тусгай зөвшөөрлийг холбогдох журмын дагуу шийдвэрлэх боломжтой болно. Энэ удаагийн УИХ-ын чуулганаар “Урт нэртэй” хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулвал гол, ус хамгаалалтад орно гэлээ. Ингэснээр нэг мод огтолбол 5-10 мод тарьж ургуулдаг болохоос гадна цуцлагдсан тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хайгуулын ажилд зарцуулсан зардлын нөхөн төлбөрийг шийдэж өгөх боломж бүрдэх юм байна.

9. 50.000:1 масштабын Геологийн зураглалын ажлыг эрчимжүүлж, баялгийн нөөцийн илэрцийг тогтоох. Энэ ажилд зарцуулах хөрөнгийн хэмжээг жил бүр тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж, улсын төсөвт суулгаж байх ажээ.

10. Геологи, уул уурхай, газрын тосны салбар их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг учир Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, эндээс салбарын санхүүжилтийг босгох зорилгоор Эрдэс баялгийн бирж байгуулах ажлыг хийж гүйцэтгэхийг төлөвлөжээ.

У.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж