Д.Ариунаа: II амаржих газрын үйл ажиллагаанд манай эмнэлгийн эмч, ажилчид оролцоогүй

Хуучирсан мэдээ: 2010.03.09-нд нийтлэгдсэн

Д.Ариунаа: II амаржих газрын үйл ажиллагаанд манай эмнэлгийн эмч, ажилчид оролцоогүй

“Таны төлөө бид” эмнэлгийн  менежер Д.Ариунаатай  ярилцлаа.

-Танай эмнэлэг Нийслэлийн СХД-ийн II амаржих газарт харьяалалтай  хороодын эмэгтэйчүүдийг хүлээж авах болсоор багагүй хугацаа өнгөрлөө. Ачаалал хэр байна?

-Манай эмнэлгийн байранд өнгөрсөн сарын 21-нээс дээрх дүүргийн 1-11, 19, 23, 25-р хорооны эх, эмэгтэйчүүд ирж үйчлүүлж байгаа. Гэхдээ  II амаржих газрын үйл ажиллагаанд манай эмнэлгийн эмч, ажилчид оролцоогүй. II амаржихын эмч, ажилчид манай эмнэлгийн  тодорхой талбайг түрүүсийн хэлбэрээр ашиглаж байгаа гэдгийг онцлох хэрэгтэй байх. Хэдийгээр манай эмч ажилчид үйлчлээгүй ч ачаалал тодорхой хэмжээгээр нэмэгдсэн.

-Нийслэлд  улсын гэх тодотголтой гуравхан амаржих газар байдаг.  Гэтэл одоогийн байдлаар хоёр нь  хаалгаа бариад байгаа. Хаалга барьсан хоёр амаржих газарт “амь тариа” залгуулсан нь танай эмнэлэг болж байна. Гэхдээ танайд төрөх тасаг ажиллуулах зөвшөөрөл байдаггүй байх аа?

-Сүүлийн жилүүдэд  нийслэл хотод маань  хүн амын нягтаршил хэт ихэссэнтэй холбоотойгоор амаржих газруудад маш их ачаалал үүсээд байна. Бид энэ ачааллаас бага ч болтугай хөнгөлөх зорилготойгоор өөрийн шинээр баригдсан эмнэлгийн барилгадаа  төрөх тасгийг тусгайлан байгуулж тохижуулан бэлтгээд байсан. Мөн холбогдох байгууллагуудад төрөх тусгай зөвшөөрөл хүссэн албан бичиг, баримтуудыг хүргүүлсэн байгаа. Одоогоор тодорхой шийдвэр гараагүй байна. Нэгдүгээр  сарын 18-ны шөнө манай байгууллагад ЭМЯ, эрүүл мэндийн газраас I төрөхөд үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан тус эмнэлгийн харьяа ХУД, Бага хангай дүүргийн эх, эмэгтэйчүүдийг хүлээн авч, шаардлагатай нөхцөл бололцоогоор ханган ажиллах талаар хамтарч ажиллах  тушаал гаргасан. Үүний дагуу бид шаардлагатай  нөхцөл бололцоогоор ханган тус төрөхийн үйл ажиллагааг 25 хоногийн хугацаанд  хэвийн явуулж ирсэн.  Тухайн үед үйлчүүлэгч болон эмч ажилчдын зүгээс ямар нэгэн гомдол чирэгдэл гараагүй. I төрөх маань нүүгээд удаагүй байтал II төрөх өөрийн байрандаа үйл ажиллагаагаа  хэвийн явуулах боломжгүй болсон. Тиймээс манай эмнэлгийн байранд мөн түр хугацаагаар  байрлах шийдвэр гарсан. Дээрх хоёр амаржих газрын дотоод эмчилгээ үйлчилгээний асуудалд манай эмнэлгийн зүгээс оролцоогүй.  Энгийн үгээр хэлэхэд манай эмнэлгийн байранд байгаа боловч дээрх амаржих газруудын  эмч ажилчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажил үүргээ явуулж байгаа. 

-Нэгэнт л хувийн хэвшлийн эмнэлэгт байрлаж, үйл ажиллагаагаа явуулж байгаа болохоор  эхчүүд тусгайлан төлбөр төлж байгаа юу. Ер нь танай байранд  байрлаж байгаа болохоор төлбөр, түрээсийн асуудал хэрхэн шийдэгдэж байгаа вэ?

-Хувийн хэвшлийн эмнэлэгт төрж байна гэж ойлгож болохгүй. “Таны төлөө бид” эмнэлэг нь хүн төрүүлж байгаа асуудал биш юм. Иймд төлбөр мөнгөний хувьд санаа зовох зүйлгүй. Тухайн үйлчлүүлэгч улсын эмнэлэгт төрөхдөө авах ёстой үйлчилгээгээ үнэ төлбөргүй авч байгаа. Энэ үйлчилгээг тухайн амаржих газруудын  эмч ажилчид үүргийн дагуу гүйцэтгэж байна. Харин нэгэнт байр ашиглан  үйл ажиллагаагаа явуулж байгаатай холбоотойгоор тогтмол зардлууд гарч байгаа нь ойлгомжтой. Энэ асуудлаар бид холбогдох байгууллагуудтайгаа харилцан зөвшилцлийн хүрээнд ярьж байна.

-Уучлаарай , зөвшилцлийн хүрээнд ярьж байна гэдэг юу гэсэн үг вэ. I төрөх танай эмнэлэгт  25  хоног үйл ажиллагаа явуулсан төлбөр тооцоогоо  барагдуулаагүй байгаа  гэж ойлгож болох уу?

-Яг одоогийн байдлаар төлбөр тооцоо төлөгдсөн асуудал байхгүй байгаа. Гэхдээ  нэгдүгээр сарын 19-нөөс хоёрдугаар сарын 1-ний хоорондох төлбөрийн асуудал бол шийдэгдэж байгаа гэж ойлгож болно. Үлдсэн 13 хоногийн асуудал яаж шийдэгдэх нь одоогоор тодорхойгүй байна.

-Яагаад тал мөнгө нь тодорхойгүй гэсэн үг вэ?

– I төрөх эмнэлэг хэдий хугацаанд байрлах  нь тодорхойгүй байсан. Анх эрүүл мэндийн сайдын тушаал  гарахдаа 14 хоногоор гарсан. Уг тушаалтай холбоотойгоор биднээс 14 хоногийн хугацаанд манай зүгээс гарах зардлын урьчилсан тооцоог гаргуулан авсан юм.  Энэ хугацааны мөнгө бидний тооцоо гаргаснаар шийдэгдсэн. Үлдсэн хугацааны мөнгө нь шийдэгдээгүй байгаа.

-Танай эмнэлгийн үүдний заал олон хүнтэй байна. Энэ бүгд II төрхөд хамааралтай хүмүүс үү?

-Тийм ээ.   Төрөлт явагдаж байгаа газраас  хүн тасардаггүй шүү дээ.  Шинэхэн төрөх хүү, охиноо хүлээж суугаа нь энэ. Өдөрт 10-15-аад эх амаржлаа гэхэд нэг хүний цаана 2-3 хүн хүлээж байдаг.

Б.Анхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж