Нэг тэрбум ам.доллараар G20 уулзалт хийх хэрэг байна уу?

Хуучирсан мэдээ: 2010.06.28-нд нийтлэгдсэн

Нэг тэрбум ам.доллараар G20 уулзалт хийх хэрэг байна уу?

Канадын Торонто хотод дэлхийн тэргүүлэх 20 эдийн засгийн удирдагчдыг G20 уулзалт өндөрлөв. Чуулга уулзалтыг зохион байгуулсан нийт зардал нэг тэрбум ам.доллар давсан гэж тооцоолж байна. Ийм их өндөр төлбөр төлж энэ уулзалтыг зохион байгуулсны хэрэг юу байна, үр дүн юу байгаа талаар “CNN” агентлагийн сурвалжлагч лавласан байна. АНУ-ын Цагаан Ордны топ зөвлөхүүд хэдийгээр ийм уулзалтуудыг зохион байгуулах нь зардал ихтэй ч биет болон биет бус байдлаар уулзалтын үр дүн гардаг гэж ярьсан байна.

Дэвид Гергэн өмнө нь АНУ-ын таван Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд нэг бус удаа олон улсын дээд хэмжээний ийм уулзалтуудад оролцож байсан. Торонтогийн уулзалтын үр дүн хэдийн гараад эхэлчихсэн гэж ярьж байна. “G20 чуулга уулзалтыг зохион байгуулах нь үнэтэй. Гэхдээ Хятад валютын ханшаа чөлөөтэй тавьж байгаа талаараа зарласан нь АНУ болон бусад олон улсын хувьд сайн мэдээ болж байна. G20 уулзалт болох гэж байсан, энэ чуулга уулзалтын үеэр Хятадын юанийн ханшны талаар ярилцах гэж байсан учраас л Хятад валютын ханшны бодлогоо эргэн харж, шийд гаргасан юм” гэж тэрбээр ярьсан.

Уг чуулга уулзалтын үеэр дэлхийн удирдагчид нүүр тулан уулзаж, бие биенийхээ талаар шинэ сэтгэгдэлтэй болох буюу анхны сэтгэгдлээ өөрчлөх боломж олгодог гэнэ. “АНУ-ын Ерөнхийлөгч Рональд Рейганы анх оролцсон G8 уулзалт Канадад болсон. Тэр үед дэлхий дахин Рейганыг дайнд дуртай ковбой шиг ойлгодог байсан. Харин тэр уулзалт дэлхий дахины түүний талаарх хандлага, бодлыг өөрчлөгдөхөд нөлөөлсөн” гэж Гергэн ярьсан.

G20 нь дэлхийн 20 том эдийн засгаас, тухайлбал 19 улс + Европын холбоо гэсэн бүрэлдэхүүнтэй байдаг бол G8 нь бүрэлдэхүүндээ Франц, Герман, Итали, Япон, Их Британи, АНУ, Оросыг багтаадаг. Чуулга уулзалтын үеэр улс орнууд хоорондоо уулзалж, албан ёсны уулзалтуудаас гадна албан бус уулзалт яриа хэлэлцээрүүд хийгддэг гэж Цагаан Ордны албаны хүмүүс ярьж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Бушийн зөвлөх байсан Дан Прайс мөн ийм уулзалт хийх нь чухал хэмээн зөвтгөсөн байна. “Энэ бол маш чухал уулзалт G20-ийн орнууд дэлхийн эдийн засгийн 85 хувийг хянадаг бөгөөд тэдний хэлэлцэж гаргасан шийдвэр дэлхийн эдийн засагт маш нөлөөтэй байдаг. Тэд зүгээр хамт зураг авахуулахын тулд уулзалддаггүй” гэж тэр ярьсан. Зургадугаар сарын 25, 26-нд болсон G8-ийн уулзалтаар хөгжлийн асуудлуудаар голлон хэлэлцсэн болсон бол 26, 27-нд болсон G20-ийн уулзалтаар дэлхийн макро эдийн засгийн талаар голчлон хэлэлцсэн байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж