Японы хоол ертөнцийн дөрвөн улирлыг даган өөрчлөгдөж байдаг онцлогтой. Япон арлыг тойрон хүрээлсэн далай тэнгис үнэхээрийн гайхамшигтай олон төрлийн загас, далайн дун, сам хорхойн төрлөөр баялаг юм. Энэ бүгдийн үндсэн дээр улирал болгоны онцлогт тохируулсан суши бэлтгэж, үйлчлүүлэгч олондоо санал болгодог онцлогтой. Жилийн дөрвөн улирал солигдох тусам суши бас өнгө, амтаа өөрчлөн сольж байдаг. Японы суши баарууд, ресторанууд тухайн улирлын шинэ бүтээгдэхүүнээр, шинэхэн загас, далайн төрөл бүрийн сам хорхой, дунгаар суши хийж байдгаараа алдаршжээ.
Сушид бараг хүн болгон л дуртай
Сушиг бэлтгэхэд жигнэсэн цагаан будааг бэлтгэгч өөрийн гараар хэлбэр дүрс оруулан бэлтгэдэг онцлогтой. Тэгээд цагаан будаагаа цуугаар амтлан шинэхэн загасны зүсмэл махаар хучиж, хоолоо хэдхэн хормын дотор бэлэн болгоно. Үнэхээрийн амттай сайхан болдог. Үнэхээрийн амархан байгаа биз??? Үнэндээ ТИЙМ биш шүү. Сайхан амт оруулах гол нууцыг та сурах хэрэгтэй. Та нууцыг нь илрүүлж мэдсЭний дараа суши бэлтгэх төвөгтэй ертөнцөд алхан орох болно.
Окинава арлын орон нутгийн бүтээгдэхүүнүүд
Окинава арлын нийслэл Наха хотын төв хэсэгт байрладаг олон түмний хөл холхисон Макаши зах дээр та хөдөө аж ахуйн болон далайн гаралтай хүний санаанд ормооргүй содон хачин бүтээгдэхүүнтэй учрах болно. Энэ захаас та орон нутгийн японы нарийн тансаг хоолны урлаг гэж чухам юу байдгийг мэдрэх болно. Энэ захын байшингийн хоёрдугаар давхарт байрладаг Окинава арлын япон хоол, сушийн төрөлжсөн ресторануудад орох юм бол буудайтай шарсан нарийн гоймонтой хоол амтархан идэх болно. Үйлчлүүлэгч өөрөө нэгдүгээр давхарт далайн хавч, шинэхэн загас зэргийг худалдан аваад ресторанд ууранд жигнүүлэн авч идэх эсвэл гэртээ авч явахаар боолгон авдаг ажээ.
Агуакаттай /лийртэй төстэй халуун орны жимс/ суши үнэхээрийн гоё!!!
Агуаката жимсийг субтропикийн халуун уур амьсгалтай орнууд төдийгүй барууны орнууд, тухайлбал, Европ, Хойд Америкт өргөн хэрэглэдэг юм. Гэтэл японы сушийн жоронд энэ жимс хүндтэй байр суурь эзэлдэг байна. Японы сушийн ресторануудад энэ жимсийг нийлүүлдэг гол орнууд нь Мексик, Бразил, АНУ, Австрали, Израиль, Хятад, Кени, Өмнөд Африк, Испани гээд олон орон байдаг ажээ.
Териякийн сүмс
Териякийн сүмсийг бүх төрлийн мах, загасны махыг боловсруулан бэлтгэхэд амт оруулах зорилготойгоор хэрэглэдэг. Энэ сүмс нь аливаа махны төрлийн бүтээгдэхүүнд чихэрлэгдүү амт оруулдаг байна. Гэвч зөвхөн махны төрлийн хүнс бус төрөл бүрийн ногоо, цагаан будаанд амт оруулагчаар хэрэглэдэг байна. Зочид чихэрлэг амтыг өөрийн хүссэн хэмжээнд тохируулан хэрэглэх боломжтой ажээ.
Сушийн тэжээллэг чанар
Япон хоолны жор үнэхээрийн өргөн боломжтой. Суши гэхэд л цагаан будаа, сүмсийн найрлагын үндсэн дээр далайн хавч хорхой, ногоо, загас гээд л хамгийн эрүүл хоол санал болгодог. Үнэндээ бол япон хоол хамгийн эслэг багатай, шинэ ногоо, загасны мах, амин дэм, омега 3 орсон эрүүл хоол гэдгийг дэлхий дахин хүлээн зөвшөөрөөд байгаа юм. Бас нэг юм дуулгахад Nori хэмээх хоол гэхэд л цэвэр хатаасан замгаар хийдэг тул ямар ч өөх тосгүй, А, В аминдэм болон иодын өндөр агууламжтай хүний эрүүл мэндэд асар хэрэгтэй.
Шар буурцгийн сүмсийн гайхамшигт үр нөлөө
Дорнын ертөнцөд шар буурцгийн сүмсийн ач холбогдлыг үнэхээрийн үнэлэн үздэг. Япон хоолны жоронд шар буурцгийн жор байнга байдаг. Бүх төрлийн сушиг хийхэд шар буурцгийн сүмсийг санал болгодог байна. Энэ сүмсийг хийхийн тулд шар буурцгийг эсгэж, гайхалтай амт чанарыг гаргаж авдаг байна. Шар буурцгийг хуурсан улаан буудайтай хольж тээрэмдээд аажмаар эсгэж бүрнэ. Эсгэсэн шар буурцаг, улаан буудайгаа дөрвөлжлөн хөргөсөн шөл, хүйтэн ус, давсанд олон удаа дүрж амт оруулах ажлаа хийдэг. Бараг нэг жилийн туршид ийм байдлаар ажиллаж бэлтгэдэг гэхээр хэчнээн их хөдөлмөр ордгийг та бодоод үз дээ. Үнэнийг хэлэхэд бид бүхний дэлгүүрээс худалдан аваад байгаа шар буурцгийн сүмсийг ингэж бэлддэггүй аж. Жилийн турш бэлтгэсэн шар буурцгийн сүмс нь уламжлалт аргаар бэлтгэсэн жор бөгөөд давс багатай, илүү амт чанартай байдгаараа алдартай юм.
Мисо шөлийг яаж бэлддэг вэ?
Мисо шөл нь суши хоолны сайн дагуул бөгөөд япон хоолны нүүр царай, төлөөлөл болсоор иржээ. Мисо шөлийг мөн л эсгэсэн шар буурцгийн үндсэн дээр хийдэг. Хүний биед амархан шингэдэг, хоол боловсруулах эрхтэнд тусалж байдаг юм байна. Суши идэхээс өмнө Мисо шөлөө уухыг зөвлөдөг ажээ.
“Баялаг” жигнэмгүүд
Суши болон япон хоол үнэндээ баялаг жигнэмэгтэй нэг их холбоогүй аж. Гэхдээ л Азийнхны жигнэмэг иддэг соёл барууны орнуудыг байлдан дагуулжээ. Сайн хийсэн жигнэмэг хүний анхааралд байнга өртөж байдаг ба хурал цуглаан, оройн зоог гээд л аливаа арга хэмжээний ширээнд байнга заларч байдаг шүү дээ. Та ч гэсэн өөрийн гэртээ Азийнхны уламжлал болсон энэ жигнэмгийг хийхээр туршаад үзэхэд илүүдэхгүй байх.
Эх сурвалж: NIPONIA Сэтгүүл
Бэлтгэсэн Д.Пунцаг