УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүйн яам болон Хууль зүйн үндэсний хүрээлэн, Ханнс-Зайделын сан, Жайкагийн Эвлэрүүлэн зуучлалыг чадавхижуулах төсөл хамтран “Монгол Улсын эрх зүйн шинэтгэл ба харьцуулсан эрх зүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 30-ны баасан гаригт Төрийн ордонд зохион байгуулах гэж байна. Энэхүү хурал нь манай улсын эрх зүйн шинэтгэлийн өнөөгийн үйл явц, тодорхой зарим асуудлыг харьцуулсан эрх зүйн өнцгөөс дүн шинжилгээ хийн харилцан хэлэлцэх зорилготой юм.
Тус олон улсын хурлыг Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж, Монгол Улсын Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар нээх бөгөөд салбарын эрдэмтэд, хуульчид болон бодлого тодорхойлогчид санал зөвлөмжөө хуваалцах юм.
Мөн Япон Улсын Васеда их сургуулийн Харьцуулсан эрх зүйн институтийн захирал, профессор Ёшики Курумисава, ХБНГУ-ын Бавари муж улсын Захиргааны сургуулийн доктор Юрген Харбих, Сингапурын Их Сургуулийн профессор Дэвид Пучниак, ХБНГУ-ын Людвиг Максимилианы нэрэмжит Мюнхений их сургуулийн профессор Бернд Шюнеманн нар урилгаар оролцох аж.
Эдгээр уригдсан зочид Эрхзүйн харьцуулсан судалгааны хэтийн төлвөөс Монголын эрүүгийн эрхзүйн шинэтгэлийг дүгнэх нь", "Япон Улсад өмчийн эрх зүйг уламжлан авсан туршлага: Монгол Улсын газрын болон бэлчээрийн эрх зүйд хамаарах нь", "Өрнө, дорнын эрх зүйн харилцан уялдаа-Монгол Улсын нийтийн эрх зүйн жишээн дээр", "Азид хувьцаа эзэмшигчдийн эрхийг хэрэгжүүлж байгаа байдал" зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлнэ.
Б.ЭНХ